Шууд Chart

Ким Жон Ун олон нийтийн өмнө ил гарлаа

2020-05-03 11:47:48

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун 20 гаруй хоногийн турш олон нийтийн өмнө харагдаагүй. Үүнээс ч үүдэн түүний бие тун тааруу байгаа гэсэн цуурхал дэлхийн хэвлэлүүдээр цацагдаад байсан юм. Тэгвэл  өчигдөр Удирдагч Ким Жон Ун шинээр баригдсан бордооны үйлдвэрт зочилж байгааг харуулсан хэд хэдэн зургийг Умард Солонгосын сонин нийтэлсэн байна. Энэ шинэ үйлдвэр нь Сунчон хотод баригджээ.

Өнгөрсөн сарын 12-наас хойш чимээ сураггүй байсан Ким Жон Ун ийнхүү дахин олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцсон байна. Родон Синмун сонин дээр нийтлэгдсэн зурагнууд удирдагч Ким Жон Ун нээлтийн ёслолын баярын туузыг хайчилж байгаа болон тайзан дээр алга ташин, инээмсэглэн зогсож буйг харуулсан байна.

Тэрээр энэхүү үйлдвэр нь намын бодлогод гүнээ итгэдэг иргэд нэг санаа зорилготой зүтгэсний үр дүн гэж бахархалтай мэдэгдсэнийг Родон Синмун сонин онцлон мэдээлжээ. Энэ ёслолд залуу удирдагчийн эмэгтэй дүү Ким Ё Жон мөн оролцжээ.

Ким Жон Ун ахин ил гарснаар түүний эрүүл мэнд, цаашлаад амь нас холбоотой янз бүрийн таамаглал, цуурхалд цэг тавьж байна. Гэхдээ өнгөрсөн 20 гаруй хоногийн турш тэрээр ямар шалтгааны улмаас чухал арга хэмжээ, баярын ёслолд оролцоогүй нь одоог хүртэл тодорхойгүй байгаа юм. Зарим олон улсын хэвлэл Ким Жон Ун зүрх судасны өвчний улмаас хагалгаанд орж, одоо бие нь тэнхрээд байгаа талаар мэдээлсэн байна.

Умард Солонгосын залуу удирдагч олон нийтийн хараанаас хэсэг хугацааны турш далд байсан анхны тохиолдол энэ биш юм. Тэрээр 2014 онд 40 хоногийн турш олон нийтийн үйл ажиллагаанд огт оролцоогүй. Энэ үед тэрээр хөлний шагайн хэсэгтээ хагалгаа хийлгэсэн нь хожим тодорхой болж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ким Жон Ун олон нийтийн өмнө ил гарлаа  
Үзсэн: 664 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй