Шууд Chart

"Зүүн хойд Азийн энх тайван хамтын ажиллагаанд залуучуудын оролцоо" төсөлт илтгэлийн тэмцээн боллоо

2020-05-07 09:53:44

Энэ тэмцээний зорилго нь Зүүн хойд Азийн энх тайвны асуудал, тэр дундаа Солонгосын хойгийн Энхийн процессыг амжилттай болгоход Монгол Улсын үүрэг, оролцоо ямар байх боломжтой талаар оюутан залуучуудын үзэл бодлыг сонсож тэдний бодит оролцоог нэмэгдүүлэх, Энх тайвны, нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Олон улсын эрдэмтэн судлаачдын бүс нутаг, геополитикийн судалгааны талаар санал бодлоо солилцох орчныг бүрдүүлэх,  Олон нийт, оюутан залуучуудын анхаарлыг Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн энхийн үйл явцад хандуулах, Зүүн хойд Ази, Солонгосын хойгийн энхийн үйл явц хамтын ажиллагаанд залуучуудын оролцоог бодитоор бий болгох, алсдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүс нутгийн судлаач залуучуудыг бэлтгэх зэрэг олон зорилгыг агуулсан тэмцээн билээ.

Төслийн уралдааныг МУИС, ШУТИС, СЭЗИС болон Стратеги судалгааны хүрээлэн, ЗХА-ийн аюулгүй байдал, стратеги судлалын хүрээлэн, Цэнхэр сүлд, Солонгосын нэгдлийг дэмжих Форум зэрэг ТББ-уудтай хамтран Дэлхийн Энхийн Их наадам ТББ-аас зохион байгуулдаг.

Хамгийн анхны уралдаан 2014 онд зохиогдсон бөгөөд 6 жилийн хугацаанд дотоодын 15 коллеж, их дээд сургууль, гадаадын 2 их сургууль, мэргэжлийн боловсролын 2 сургууль, 4 ахлах сургуулийн 131 багийн 375 оюутан төсөл, илтгэлүүдээ хамтран боловсруулан, танилцуулж, бүс нутгийн энх тайван, аюулгүй  байдалтай  холбоотой  сэдвүүдээр өрсөлджээ. Шалгаруулалтын 2 үе шаттай  явагддаг жил бүрийн уламжлалт тэмцээн нийт 30-45 өдрийн турш үргэлжлэх бөгөөд олон улсын харилцаа, бүс нутгийн аюулгүй  байдлын чиглэлээр мэргэшсэн туршлагатай  мэргэжилтнүүд, нийгмийн нэр хүндтэй  зүтгэлтнүүд, ахмад мэргэжилтнүүд, салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачдаас бүрдсэн 5 хүний  бүрэлдэхүүнтэй  шүүгчийн баг уралдааныг шүүдэг. 

Уралдаанд шалгарсан багууд аяллын бүх зардлаа даалгаж Зүүн хойд Ази эсвэл бусад Азийн улс орнууд руу аялж, эдгээр орнууд дахь үе тэнгийнхэнтэйгээ уулзаж, шинэ найрамдалт харилцаа тогтоов. Одоогийн байдлаар уралдаанд ялагч багуудаас нийт 11 оюутан Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Энэтхэг, Филиппин зэрэг улс руу шагналын эрхээрээ аялаад байна.  

Энэ жилийн төслийн уралдаан нь 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж байна.

  • 1-р шат- Багууд өөрсдийн төслийн утга санааг оруулсан 2 минутын видео илгээж үүнийг фэйсбүүкт шэйрлэж хамгийн их хандалт авсан буюу лайк, шэйр, коммэнт их цуглуулсан болон шүүгчдийн оноог харгалзан үзэж / фэйсбүүк -30% , шүүгчид -70% /шилдэг 10 баг 2-р шатанд шалгарна
  • 2-р шат- Төслөө бүрэн эхээр нь илгээх үе шат бөгөөд шүүгчдийн өмнө 6 минут бүхий төслийн санааг тусгасан илтгэл тавина. Шилдэг 3-н баг шалгарч дараагийн шатанд орно.
  • 3-р шат- Шилдэг 3 багийн төслийг санхүүжүүлэх боломж бүхий шат

Энэ жил өмнөх жилүүдээс илүү онцлогтойгоор зохион байгуулагдаж байгаа нь 3-р шат нэмэгдсэн. 3-р шат нэмэгдсэнээр залуучуудын төслүүдээс шилдэг 3-н багийн төслийг шалгаруулаад зогсохгүй шилдэг 3-н багийн төслөөс шилдгийн шилдэг 1 багийн төслийг санхүүжүүлэх боломжтой. Энэ жилийн тэмцээнийг оюутан залуус зохион байгүүлж, мөн оюутан залуус ч бас оролцдогоороо давуу талтай. 2020 оны 5-р сарын 6-нд буюу өнөөдөр бид 2-р шатны шалгаруулалтаа цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой онлайнаар зохион байгуулж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Зүүн хойд Азийн энх тайван хамтын ажиллагаанд залуучуудын оролцоо" төсөлт илтгэлийн тэмцээн боллоо  
Үзсэн: 810 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй