Шууд Chart

ДЭМБ: Хятадын лабораториос коронавирус тархсан гэх мэдээлэл таамаг төдий байна

2020-05-07 10:41:20

Шинэ төрлийн коронавирус Хятадын Ухань хотын лабораториос тархсан байх магадлалтай гэж АНУ-ын талаас мэдээлсэн. Энэ мэдээлэл таамаг төдий хэвээрээ байгаа гэж ДЭМБ-аас мэдэгдсэн байна. АНУ-аас коронавирусний үүсэл гарлын талаарх баримт нотолгоог ДЭМБ-д ирүүлээгүй учраас энэ бол таамаг төдий мэдээлэл гэдгийг онцолж байна.

Гэхдээ Америкийн дотоодыг аюулаас хамгаалах яамны 5-р сарын нэгэнд гаргасан судалгаанд Хятад улс өнгөрсөн оны 12-р сард Ухань хотод вирус тархах үед амны хаалт болон бусад эмнэлгийн хэрэглэгдэхүүний нөөцөө хангахын тулд уг вирусний аюул, хор хөнөөлийн талаарх мэдээллийг нууцалсан байх өндөр магадлалтай гэж бичсэн байна. Өөрөөр хэлбэл Хятадын засгийн газар 2020 оны 1-р сард коронавирусний талаарх мэдээллийг ДЭМБ-д албан ёсоор өгөхөөсөө өмнө нэг удаагийн амны хаалт болон бээлийний импортоо мэдэгдэхүйц түвшинд нэмэгдүүлсэн, харин эмнэлгийн бүтээгдэхүүний экспортоо огцом бууруулсан байна гэж Америкийн дээрх тайланд онцолсон юм байна.

Трампын засаг захиргаа Хятад улсыг вирус тархсаныг эхэн үедээ нууцалсан, үүнээс болж аюулт вирус дэлхий даяар тархах үндэс болсон гэж буруутгаж байгаа юм. Гэхдээ АНУ-д Трамп ерөнхийлөгч өөрөө цар тахлын эсрэг шуурхай ажиллаагүй, эмнэлгийн хамгаалах хэрэгслийн хомсдол үүсгэсэн зэрэг асуудлаар олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.

Харин Бээжин Трампын засаг захиргаа өөрт нь ирж байгаа олон нийтийн шүүмжлэлээс зайлсхийхийн тулд үндэслэлгүйгээр, нотолгоо баримтгүйгээр буруутгаж байна гэж үзэж байгаа юм.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ: Хятадын лабораториос коронавирус тархсан гэх мэдээлэл таамаг төдий байна  
Үзсэн: 857 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй