Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд малчдын санаачилгаар хогийн сав байгуулснаар хээрийн хог хаягдал багасч байна.
Уг сумын иргэд энэ оныг “Хоггүй сум” болгох зорилт тавьжээ. Үүний хүрээнд хөдөөгийн багийн малчдын санаачилгаар баг бүрт хогийн сав байршуулснаар хээрийн хог хаягдал 80 орчим хувиар буурчээ.
Хайрхандулаан сумын нэгдүгээр багийн малчин Төмөрчөдөрийнх өөрсдийн санаачилгаар гэрээсээ холгүй дунд оврын хогийн савыг байгуулжээ. Энэ хогийн саванд хээр хөдөөд хамгийн их тархдаг архины шил, газны болон хуванцар сав хийдэг. Нутгийн иргэд ч мөн энд хаягдал хогоо авч ирж хэвшчээ.
Бэлчээрт хаягдсан хог хаягдлыг цэвэрлэх хүн байдаггүй учраас байгальд хамгийн их сөрөг нөлөөллийг үзүүлдэг. Харин Хайрхандулаан сумын малчид хог хаягдлаа овор хэмжээг нь багасгаж дундын хогийн савандаа авч ирж хаядаг болсноор бэлчээрийн хог хаягдал буурч байгааг онцолж байлаа. Мөн хогийн саваа дүүрэхэд нь сумынхаа ангилан ялгасан хоёр дахь түүхий эдийг худалдан авдаг төвд хүргэдэг байна.
Өнгөрсөн тавдугаар сард Хайрхандулаан сум хамгийн их бохирдолтой байгаа хэсгээ тогтоон малчдаа хамруулан нутаг дэвсгэрийн дөрвөн хэсэгт хэсэгчилсэн цэвэрлэгээ хийж 36 тонн хогийг төвлөрсөн хогийн цэгт устгасан байна. Цаашдаа малчдын санаачилгаар байгуулсан хогийн савыг зам дагуу олон газарт байршуулж, зам дагасан их хогийг устгах ажлыг хийхээр төлөвлөжээ.
| Хайрхандулаан сумын малчид хээрийн хог хаягдал багасгах арга санаачилжээ | ||
| Үзсэн: 1352 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.