Америкийн хэд хэдэн хотын зөвлөл хууль сахиулах байгууллагуудад шинэтгэл хийх хуулийн төсөл санаачилж батлаад байна. Өнгөт арьст Жорж Флойд цагдаагийнханд баривчлагдсаны дараа амь насаа алдсаныг олон нийт эсэргүүцсэн жагсаал цуглаан Америкийн төдийгүй хийн бусад хотуудад ч үргэлжилсээр байгаа. Жагсагчид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэж байгаа төдийгүй цагдаагийнхны хүчирхийллийг эрс буруушааж буйгаа илэрхийлж байгаа юм. Мөн нийгэмд Америкт хууль сахиулах байгууллагынхан их төсөвтэй, орон нутгийн эрх баригчдад захирагддаггүй, цагдаа нар хэт их хүч хэрэглэх болсон гэдэг шүүмжлэл өрнөх болсон учир ийм алхмуудыг эрх баригчдын зүгээс авч байна.
Вашингтон хотын зөвлөл өчигдөр цагдаагийн байгууллагад хийгдэх шинэтгэлийг санал нэгтэйгээр баталсан байна. Үүнд хэд хэдэн өөрчлөлт багтжээ. Тодруулбал сэжигтнүүдийг саатуулан баривчлахдаа амьсгал боох арга ашиглахыг нь хориглох, жагсагчдыг тараахдаа резинэн сум, нулимс асгаруулах зэрэг химийн бодис ашиглахыг хориглох заалтууд орсон байна. Түүнчлэн сахилгын зөрчил гаргасан цагдаа нарын нэрсийг 72 цагийн дотор зарлаж байх, хууль сахиулагчдын хууль бус үйлдлүүдийг мөрдөж шалгах ажиглалтын бүлгийнхний үйл ажиллагаанд өөрчлөлт оруулах зэрэг заалтууд багтсан байгаа юм байна.
Вашингтоноос гадна Аризона мужийн Финикс, Техас мужийн Хьюстон хотуудад мөн цагдаа нарын амьсгал боох арга ашиглахыг нь хориглосон шийдвэр батлаад байна. Финиксийн цагдаагийн газраас энэ шийдвэр гарсан даруйдаа хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснийг мэдээлсэн. Мөн олон нийтийн хууль сахиулагчдад итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилготойг мэдэгджээ. Харин Нью-Йорк мужийн хууль тогтоогчид цагдаагийнхны сахилгын зөрчилтэй холбоотой мэдээллийг нууцлах 1970 аад онд батлагдсан хуулийн зарим заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг баталсан байна. Тухайн үед цагдаагийнхны нэр холбогдсон хэргийн мэдээллийг өмгөөлөгчдөд ашиглуулахгүйн тулд ийм хууль баталж байсан аж.
| АНУ: Цагдаа нарт сэжигтэнг саатуулахдаа амьсгал боох арга ашиглахыг нь хоригложээ | ||
| Үзсэн: 1285 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.