Шууд Chart

АНУ: Хөрөнгийн биржүүд уналтад орлоо

2020-06-12 12:49:00

Шинэ коронавирусний хоёр дахь давлагаа эхэлж магадгүй байгаа нь Америкийн томоохон хөрөнгийн биржүүдэд уналтыг авчраад байна. Үүнээс гадна Америкийн эдийн засгийн сэргэлт удаан хугацаанд явагдахаар байгааг тус улсын төв банкнаас мэдээлжээ. 

Америкийн Холбооны Нөөцийн Сангийн тэргүүн  шинэ коронавирусний халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь  цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж магадгүйн дохио болоод байгааг анхааруулсан юм. Энэ мэдээллийн дараагаар Америкийн аж үйлдвэрийн гол индекс “Dow Jones”-ийн пүрэв гарагийн хаалтын ханш 25,128-д хүрч, өмнөх өдрийнхөөс 6.9 хувиар огцом буурсан байна. Энэ оны 03-р сарын 16-аас хойших хамгийн огцом уналт ийнхүү ажиглагдлаа.  

АНУ-аар зогсохгүй Европ болон Азийн гол хөрөнгийн биржүүдийн хувьцааны ханш ч мөн буурсан байна. Их Британийн “FTSE 100” индекс 4 хувиар, Германы “Dax” 4.4 хувиар тус бүр унажээ. Энэ хооронд дэлхийн удирдагчид  эдийн засгийг шинэ коронавирусний сөрөг нөлөөллөөс хамгаалахын төлөө хангалттай хэмжээний мөнгө, санхүүг гаргахгүй байна гэдгийг санхүүгийн шинжээчид хэлж, шүүмжилж байна. 03-р сараас хойш хөрөнгийн биржүүд алгуурхан сэргэж байсан бол ийнхүү эргэн уналтад орж байна. АНУ-д “Ковид-19”-ийн халдварын тохиолдол 2 саяыг даваад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ: Хөрөнгийн биржүүд уналтад орлоо  
Үзсэн: 1341 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй