Ор сураггүй болоод байсан Сөүл хотын даргын цогцсыг олжээ. Тэрээр гэрээсээ гарахаасаа өмнө охин уруугаа зурвас бичсэн аж. Түүний охин энэ талаарх мэдээллийг цагдаад дамжуулснаар хотын даргыг хайх ажиллагааг шуурхай эхлүүлжээ. Цагдаа нар үнэрч нохой, дроныг хайх ажиллагаандаа ашиглажээ.
Ийнхүү пүрэв гарагаас хойш ор сураггүй болсон Пак Вонсуны цогцсыг баасан гарагийн шөнө олсон байна. Сөүл хотын хойд зүгт байрлах Букак гэх уулын ойн дундаас цогцсыг олжээ. Хотын дарга агсан Пак Вонсуны албан гэр энэ уулнаас холгүй байдаг аж. Одоогийн байдлаар хотын дарга агсан өөрийнхөө амыг бүрэлгэсэн гэж таамаглаж байгаагаас өөр мэдээлэл байхгүй байгаа юм.

Хэсэг хугацаанд Пак Вонсуны нарийн бичгээр ажиллаж байсан нэгэн эмэгтэй түүнийг бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдлыг шүүхэд гаргаад удаагүй байхад энэ хэрэг явдал болсон байна. Гэхдээ энэ нь хотын дарга амиа хөнөөх гол шалтгаан болсон эсэх нь мөн л тодорхойгүй байгаа юм. Хуульч мэргэжилтэй Пак 2011 оноос Сөүл хотын даргаар ажиллаж эхэлснээс хойш гурав ч удаа улиран сонгогдоод байсан юм.
Тэрээр өмнө нь ямар нэгэн хэрэг, дуулианд нэр холбогдож байгаагүй, ард иргэдийнхээ дунд өөрчлөн шинэчлэлтийг явуулагч гэдгээрээ танигдаад байжээ. Ардчилсан намын гишүүн Пак Вонсуныг 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх магадлалтай нэгэн гэж тодорхойлж байсан ч олон нийтийг цочроосон ийм үйл явдал боллоо.

| БНСУ: Ор сураггүй болоод байсан Сөүл хотын даргын цогцсыг олжээ | ||
| Үзсэн: 890 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.