Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 15 настай хүү тарваган тахлын халдвар авч нас барсан нь тогтоогдлоо. Халдварын тохиолдлын ойр орчимд байсан 26 хүнийг тусгаарлаж эмчилгээнд хамруулж байна.
Үйл явдлыг тодруулбал, энэ сарын 10-нд 15 настай О нь хавхаар тарвага агнаж махыг нь хүнсэндээ хэрэглэжээ. Мөн тус өдрөө мотоциклоос унаад толгой нь өвдөж бөөлжсөн байна.
Тийнхүү хоёр өдрийн дараа хүүхдийн бие халуурч эхэлсэн бөгөөд аав нь эмнэлэгт үзүүлэхээр мотоциклоор авч явах үед хүүхдийн биеийн байдал муудаж замдаа нас баржээ.
Сэжигтэй тохиолдлын шинжилгээг Зооноз өвчин судлалын үндэсний төвд илгээхэд эмгэг судлалын шинжилгээгээр цуглуулсан сорьцод ПГУ шинжилгээ хийхэд эерэг тодорхойлогдож, тарваган тахлын үжил хэлбэрээр нас барсан болохыг тогтоосныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Тахал нь эмнэл зүйн хувьд 5-6 төрлөөр илэрдэг. Булчирхай, уушги, арьсны залгиур анхдагч үжил хэлбэрээр илэрдэг бөгөөд богино хугацаанд үхэлд хүргэх аюултай зоонозын халдартын өвчин юм. Одоогоор тухайн тарваган тахал нь ямар хэлбэрийн тахал болохыг тогтоох шинжилгээ үргэлжилж байна.
Тухайн хүүхэдтэй хамгийн ойр байсан нэгдүгээр хавьталын 15 хүнийг тусгаарлаж урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулсан бөгөөд одоогоор ямар нэгэн зовиур илрээгүй байна.
Үүнээс гадна хоёрдугаар хавьтал болох 11 хүнийг гэрээр тусгаарлаж багийн эмчийн хяналтанд оруулжээ.Тахал 2-6 хоног нууц үе байдаг бөгөөд зургаан хоног буюу 18 хүртэл үргэлжилнэ.
Энэ дашрамд, дараах мэдээлэлийг уншигч танаа хүргэе.
Тарваган тахал манай улсад 1886 онд бүртгэгдсэн
1921-1930 онд Монголд гоц аюулт халдварт өвчний дэгдэлт гарсан үед ЗСБНХУ мэргэжилтнүүд манай улсад ирж ажилладаг байжээ.
1931 онд Улаанбаатар хотод “Тахлын хотхон” нэртэй тарваган тахал эсэргүүцэх лабораторийг анх байгуулсан
Монгол орны 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомт бүртгэгдсэн.
| Говь-Алтай аймагт 15 настай хүү тарваган тахлын халдвар авч нас баржээ | ||
| Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.