Европын холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнөөдөр явагдах юм. Шинэ коронавирус дэлхийн дахинд тархаж эхэлснээс хойш анх удаагаа Европын удирдагчид биечлэн уулзалт хийнэ. Энэ уулзалтаар “Ковид-19” халдвараас үүдэн уналтад ороод байгаа Европын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэх юм. Удирдагчид нийт 750 тэрбум еврогийн эдийн засгийг тэтгэх хөтөлбөрийн асуудлаар ярилцана.
Европын удирдагчдын уулзалтаар хөндөгдөх хамгийн гол асуудал нь хэр их мөнгийг тусламж, дэмжлэг хэлбэрээр олгох, хэр ихийг нь зээл хэлбэрээр олгох вэ гэдэг асуудал юм. Францын ерөнхийлөгч Эмманюэль Макрон энэхүү уулзалтыг угтан хэлсэн үгэндээ, “Европ үнэнтэй нүүр тулах цаг ирж байна. Чухал цаг үе удахгүй тохионо” гэжээ. Харин Германы канцлер Ангела Меркель “талуудын байр суурь хуваагдмал байгаа” гэдгийг анхааруулжээ. Европын Зөвлөлийн тэргүүн Шарль Мишель “яриа хэлэлцээ тун амаргүй байх болно” гэдгийг урьдчилан хэлжээ. АНУ болон Латин Америкийн орнуудтай харьцуулахад Европт “Ковид-19” халдвар харьцангуй намжаад байгаа. Харин одоо тус тивийн удирдагчид эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагааг сэргээх талаар ийнхүү ярилцах юм.
Уулзалт өнөөдөр эхэлж, маргааш үргэлжлэн явагдана. Гэхдээ Европын удирдагчид 750 тэрбум еврогийн хэлэлцээнд хүрэхэд илүү их цаг хугацаа шаардагдана гэдгийг ажиглагчид онцолж байна. Өнгөрсөн жилүүдэд хямралтай байсан Европын орнууд эргэн төлөгдөх зээл бус харин тусламж, тэтгэмж хэлбэрээр Европын холбооноос мөнгө авахыг хүсч байгаа бол зарим орнууд үүнийг эсэргүүцэж байна. Тэр дундаа Нидерланд, Австри, Швед, Дани болон Финланд тэргүүтэй орнууд энэхүү зээл тусламжийг хяналттайгаар олгох, эргэн төлөх хатуу нөхцөл тавихыг шаардаж байгаа.
Одоогоор нийт 750 тэрбум европын санхүүжилтээс 500 тэрбум еврог нь тусламж хэлбэрээр, үлдсэн 250 тэрбум еврог зээлдүүлэх төлөвлөгөөтэй байна. Европын Төв Банкны урьдчилсан тооцоогоор “Ковид-19”-ийн тархалтаас үүдэн Евро бүсийн эдийн засаг энэ жил 8.7 хувиар огцом буурахаар байна. Европын зарим удирдагч яаралтай арга хэмжээ авахгүй тохиолдолд шинэ коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн уналт улам бүр гүнзгийрнэ гэдгийг анхааруулж байгаа ч хэлэлцээнд хүрэх нь амаргүй гэдэг нь тодорхой байна.
| Европын холбооны удирдагчдын дээд хэмжээний уулзалт болж байна | ||
| Үзсэн: 1143 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.