Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн уур амьсгалын өөрчлөлт улам бүр түргэсэж байгаа талаар сүүлийн үеийн олон судалгаа анхааруулж байна. Энэ жилийн 1-р сараас 06-р сарын хооронд Оросын Сибирийн бүс дэх дулааны хэм өмнөх жилүүдийн дунджаас 5 хэмээр илүү байсан талаар өмнө нь мэдээлж байсан. Сибирийн зарим тосгонд өдөр +38 хэм хүрч дулаарсан нь өмнө огт ажиглагдаж байгаагүй үзэгдэл болсон юм. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн зуны саруудад хэт халдаг болохоор байгаа талаарх мэдээлэл Би Би Си агентлаг дээр гарсан байна. Хэт халуунаас үүдэн хүмүүсийн ажлын бүтээмж ч эрс буурахаар байгааг онцолжээ.
Дэлхийн олон оронд иргэд гадаа, задгай талбай, гудамжинд хөдөлмөр эрхэлдэг. Тэр дундаа, хөгжиж буй орнуудад хүмүүс газар тариалан болон барилга дээр удаан хугацаагаар ажилладаг байна. Харин уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй зуны дулааны хэм цаашид нэмэгдэж, зарим тохиолдолд өдрийн цагаар ажил, хөдөлмөрөө хэвийн явуулах боломжгүй нөхцөлд хүргэж болзошгүй гэдгийг анхааруулжээ.
Хэт халуун нь хүний биеийн өөрийгөө хөргөх чадамжийг алдагдуулж, биеийн хэм тасралтгүй өссөөр зарим эрхтний үйл ажиллагаа зогсонги байдалд орох эрсдэлийг бий болгодог байна. Зарим судалгаанд 2100 он гэхэд хэт халалт 1.2 тэрбум хүний ажил, амьдралд сөргөөр нөлөөлнө гэдгийг онцолжээ. Халууны улиралд гадаа удаан хугацаагаар ажилладаг хүмүүст зөвлөхөд, ажлаа эхлэхээс өмнө шингэн зүйл сайн ууж, тогтмол амарж байх хэрэгтэй юм. Амарч байх үедээ мөн л шингэн зүйл ууж байхыг мэргэжилтнүүд зөвлөжээ.
| “Хэт халуун” зун ажиллах чадамжид сөргөөр нөлөөлнө | ||
| Үзсэн: 1285 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.