Энэ долоо хоногийн дундуур твиттер хакердуулсан үйл явдал болсон юм. АНУ-ын нэр нөлөө бүхий улс төрчид болон бизнесменүүдийн твиттер хуудсан дээр бага хэмжээний мөнгөн хандив өгөөд хэд дахин нугалж авахыг хүссэн хуурамч жиргээ тавигдсан юм. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр АНУ-ын Холбооны Мөрдөх Товчоо твиттер хакердуулсан энэ хэргийг шалгаж эхлээд байна. Мөн твиттерийн хэрэглэгчдийг сонор сэрэмжтэй болгоомжтой байхыг Мөрдөх Товчооноос сануулжээ.
Твиттерийн зүгээс хакерчид тус компанийн дотоод сүлжээнд нэвтрэх эрхтэй ажилчдыг онилж, дээрх ажилчдын сүлжээгээр дамжин алдартай хүмүүсийн твиттер хуудсанд нэвтэрсэн гэж үзэж байгаа юм. Твиттер хакердуулсан энэ хэргийг Америкийн Холбооны Мөрдөх Товчоо шалгаж эхэлснээс гадна Америкийн Сенатын Худалдааны Хороо Твиттер компанийг 7-р сарын 23 гэхэд болсон үйл явдалтай холбогдуулан тайлбар өгөхийг шаардаж байгаа юм.
Америкийн зарим улс төрчид ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хуудас халдлагад өртөх эрсдэлтэй байсан эсэхийг тодруулахаар Твиттер компанид ч мөн хандсан байна. Албаны ёсны твиттер хуудас нь хакердуулаад байгаа улс төрчдийн дотор Америкийн экс ерөнхийлөгч Барак Обама болон ирэх 11-р сарын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх Жо Байден нар багтсан байна.
Харин тэрбумтангуудын тухайд “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Элон Маск, “Амазон” компанийн тэргүүн Жефф Безос болон Билл Гэйтс нар багтжээ. Майкрософт компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтсийн твиттер хуудсан дээр “хүн бүр надаас нийгэмдээ хариу барихыг хүсч байна. Одоо цаг нь болжээ. 1000 ам.долларыг над уруу илгээ, би буцаагаад 2000 ам.доллар болгож өгий” гэсэн хуурам жиргээ тавигдсан байжээ. Алдартай хүмүүсийн твиттер хуудсан дээр тавигдсан дээрх хуурамч жиргээ иргэдийг шилжүүлгээ цахим мөнгө буюу биткойноор хийхийг хүссэн утгатай байжээ.
| АНУ: Холбооны мөрдөх товчоо “твиттер” хакердуулсан хэргийг шалгаж эхэллээ | ||
| Үзсэн: 791 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.