Оросын сөрөг хүчний удирдагчдын нэгд тооцогддог Алексей Навальныйг хордуулсан гэх хэргийн хариуд ямар арга хэмжээ авахаа Европын Холбооны түншүүдтэйгээ хэлэлцэхээр төлөвлөж байгаагаа Германы гадаад хэргийн сайд мэдэгдсэн байна. Хайко Маас энэ хэрэг зөвхөн Германы бус олон улсын хамтын нийгэмлэгийнхний асуудал гэдгийг тэрээр онцолсон юм. Түүнчлэн Навальныйг цэргийн зориулалттай химийн хорт бодис ашиглаж хордуулсан нь олон улсын химийн зэвсгийг хориглох конвенцыг зөрчсөнийг сануулсан байна.
Мөн тэрээр Герман улс Москваг энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд оролцохыг уриалж байгааг мэдэгдсэн байна. Харин Навальныйд Берлины эмнэлэгт шинжилгээнүүдийг үргэлжлүүлэн хийж байгааг мэдээлсний хамтаар Оросын талаас тавьсан эрх зүйн туслалцаа үзүүлж, харилцан мэдээллээ солилцох хүсэлтэд нь зөвшөөрсөн хариу хэдийн өгснөө ч мэдэгдсэн. Гэхдээ Навальныйг эмчлэгч эмч нарын зүгээс ирж байгаа мэдээллүүд байнга шинэчлэгдэж байгаа учир Москвагийн хүсэлтийн хариу өгөх нь өөрөө урт хугацааны үйл явц болоод байгааг тэмдэглэн хэлсэн байна. Үүний зэрэгцээ хувь хүний мэдээллийг шилжүүлэн өгөх асуудлыг эзнээс нь зөвшөөрөл авалгүйгээр шийдвэрлэж болохгүй байгааг хэлсэн байна. Оросын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова Берлин Москвагийн гаргасан өргөдлийг хүлээн авалгүй хугацаа алдаж байна гэж шүүмжилж буйгаа илэрхийлсний хариуд тэрээр ийм тайлбар өгсөн байна. Үүний зэрэгцээ Германы гадаад хэргийн сайд Навальныйгийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж байгааг онцлон мэдэгдсэн юм.
Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүд Берлины Шарите эмнэлгийн гадна 24 цаг харуул хамгаалалтад гарсан байсан цагдаагийн машинууд сүүлийн үед байхгүй болсон тухай мэдээлсэн юм. Үүнтэй холбоотойгоор түүнийг өөр эмнэлэг рүү шилжүүлсэн гэдэг баттай бус мэдээлэл цацагдаад байгаа юм.
| Германы тал Оросын эрх зүйн туслалцаа үзүүлэх хүсэлтийг дэмжихээ илэрхийлснээ мэдэгдлээ | ||
| Үзсэн: 526 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.