Тэмээний вирус буюу МЕRS-СоV-ийн халдвар газар авч байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Хамгийн сүүлийн мэдээгээр энэ өвчинг туссан 699 хүнээс 283 нь нас баржээ. Анх хоёр жилийн өмнө Саудын Арабын нэгэн тэмээчин халдвар авсан нь тогтоогдсон байна. Өдгөө уг өвчин олон оронд тархаж Ойрхи-Дорнод, Африк, Европ, Ази, АНУ-д өвчний тохиолдол бүртгэгджээ.
Амьсгалын замын цочмог үрэвслийн шинж тэмдгээр илэрч үхэлд хүргэх аюултай энэ виурс мэргэжилтнүүдийн онцлосноор амьтнаас хүнд, хүнээс хүнд дамждаг аж.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаныхан аялал жуулчлалын цаг ирсэнтэй холбогдуулан сэрэмжлүүлэг гаргаад байна. Дэлхийд шинээр бүртгэгдээд буй МЕRS-СоV халдвар манайхны аялах дуртай Ойрхи Дорнодод голчлон бүртгэгдсэн аж. Тодруулбал, Иран, Йордан, Кувейт, Ливан, Оман, Катар, Саудын Араб, Арабын Нэгдсэн Улс болон Йемен зэрэг улсуудад энэ халдварын өвчлөл бүртгэгджээ. Африкт гэхэд Алжир, Египет, Тунис, Европт Франц, Герман, Грек, Итали, Нидерланд, Англи, Азид Малайз, Филиппин, АНУ зэрэг оронд энэ халдвар бүртгэгдсэн байна.
МЕRS-СоV-ийн халдвартай өвчтөн бүрийг эрт илрүүлэх боломжгүй гэнэ. Учир нь уг халдвар зарим хүнд хөнгөн эсвэл хэвийн бус шинж тэмдэгтэй илэрч байгаа аж.
Өндөр эрсдэлтэй хүмүүст чихрийн шижин, бөөрний дутагдал, уушгины архаг өвчин, дархлал дарангуйлагдсан улс багтаж байна. Тэмээний ферм болон захаар зорчихдоо тэмээнд хүрэхээс зайлсхийх, тэмээний түүхий сүү болон шээс уухгүй байх, бүрэн болгоогүй мах идэхгүй байхыг ч мэргэжлийн байгууллага сэрэмжлүүлж байна.
| Тэмээний вирусаар 283 хүн нас бараад байна | ||
| Үзсэн: 1488 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.