Шууд Chart

“Угсаатан, соёлын бэсрэг наадам”-д 12 бөх зодогложээ

2014-07-18 10:08:23

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Москва дахь Монгол Улсын ЭСЯ-наас тус хотод оршин суудаг буриад, халимаг, тува, монголчуудын нутгийн зөвлөлтэй анх удаа хамтран “Тал нутгийн эртний уламжлал, хүн төрөлхтний биет бус соёлын өвийн дээжис” нэртэй “Угсаатан, соёлын бэсрэг наадам”-ыг зохион байгуулав.

Арга хэмжээг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нээж эхлүүлсэн бөгөөд наадамд ОХУ-ын Холбооны зөвлөл, Төрийн Думын гишүүд, ГХЯ-ны ажилтнууд болон буриад, халимаг, тувагийн төлөөлөгчид оролцов.
Хүн төрөлхтний биет бус соёлын өв болох наадам, уртын дуу, хөөмий, үндэсний бөх, монгол гэрээ монгол туургатнуудын төлөөлөгчдөд сурталчлав. “Угсаатан, соёлын бэсрэг наадам”-д буриадын хоёр, халимагийн гурав, монголын 7 бөх нийтдээ 12 бөх зодоглосноос сумын заан С.Пүрэв-Очир түрүүлж, аймгийн начин П.Ганзориг үзүүрлэв.
 
Мөн Монголоос уригдан ирсэн “Улаанбаатар” чуулгын уртын дуучин О.Анхчимэг, морин хуурч, хөөмийч И.Тэрбиш нар ая дуугаа өргөв. Буриадын дуучин Чингиз Аюшеев, Елена Аюшеева, Дашдондок Надцалов, Халимагийн Соёлын яамны сайд асан, хөгжмийн зохиолч Аркадии Манжиев нар нутгийнхаа дууг дуулж, халимагийн бүжигчид ардын бүжгээ бүжиглэж наадамчин олноо баясгав.
ОХУ-ын Байт сурын харвааны дасгалжуулагч, спортын мастер Баяр Гынинов буриадын “Сур харваа”-ны үзүүлэх сургууль хийсэн нь олны таашаалд нийцжээ.
Наадмын эхэнд зочдодоо монгол цагаан идээ, айраг сөгнөж, монгол цайгаа чанаж, монгол үндэсний хоол хуушуур, хорхог хийж дайлав.
Тувагийн нутгийн зөвлөл дарга, 88 настай Ондор Чимэддорж гуай сургаалтай сайхан үг хэлж хөөмийдөж, тува дуу дуулж наадамчин олноо хөгжөөсөн байна.
Наадмын төгсгөлд ЭСЯ-ны ажилтнууд болон уригдан ирсэн монголчууд таван ханатай монгол гэрээ барьж үзүүлсэн нь монгол туургатнуудын сонирхлыг ихээр татсан юм. ЭСЯ-ны зүгээс энэ гэрийг халимагийн нутгийн зөвлөлд бэлэглэв.

“Угсаатан, соёлын бэсрэг наадам”-д 12 бөх зодогложээ  
Үзсэн: 2476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй