Украины хэрэг явдлаас үүдэн тус улсын эсрэг явуулж буй эдийн засгийн хориг арга хэмжээнд өртөөд байсан ОХУ хариу арга хэмжээнүүдийг авч эхэллээ. Үүний илрэл болгон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "ОХУ-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор эдийн засгийн тусгай арга хэмжээ авах тухай" тогтоолд өчигдөр гарын үсэг зуржээ. Тус тогтоолд, "Энэ тогтоол хүчин төгөлдөр болсон цагаас эхлэн нэг жилийн дотор ОХУ-ын хувь хүн, хуулийн этгээд, албан байгууллагын эсрэг эдийн засгийн хориг тавьсан улс орны, тус орнуудтай үзэл бодол нэгдсэн орнуудаас гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд материал, хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг ОХУ-д импортлохыг хориглоно" гэж заажээ.
Ингэснээр ЕХ, АНУ, Канад, Австрали, Япон, Зүүн Европын улс орнууаас ОХУ-д хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүхий эд материал, хүнс, хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжгүй болох юм.
Түүнчлэн Украины хэрэг явдал улам хурцдаж буй энэ үед Европын агаарын тээврийн компаниудын Ази руу гарах агаарын замыг хааж болзошгүй тухай нэрээ нууцалсан эх сурвалж ярьсан байна. Үүнтэй зэрэгцэн ОХУ долдугаар сарын сүүлээр Украинаас ОХУ руу ямар ч төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Польшоос оруулж ирдэг алимны импортыг эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэх шалтгаанаар зогсоосон. Мөн АНУ-ын хөдөө аж ахуйн импортын бүх бүтээгдэхүүнд хориг тавилаа.
Тодруулга, АНУ болон Европын холбоо өнгөрсөн гуравдугаар сард ОХУ Крымийг өөртөө нэгтгэсэн хэрэг явдалд тус улсыг буруутган, Украины зүүн хэсэгт үүсээд буй үймээн самууныг цэрэг зэвсгээр хангаж буй гэж хардан ОХУ-ын гол компаниуд болон бизнесменүүдийн данс, хөрөнгийг битүүмжилж, эдийн засгийн хориг тавьсан билээ.
| ОХУ хоригийн эсрэг "хориг" тавьлаа | ||
| Үзсэн: 1707 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.