Ази Номхон Далайн Хэмжил Зүйн Хөтөлбөр (APMP), Герман Улсын Физик Техникийн Хүрээлэн (PTB)-ийн санхүүжилтээр APMP-Уртын техникийн хороо (TCL), Япон Улсын Хэмжил зүйн хүрээлэн (NMIJ) болон Тайланд Улсын Хэмжил зүйн хүрээлэн (NIMT)-гээс хамтран Тайланд Улсын Хэмжил зүйн хүрээлэнд уртын техникийн хорооны гишүүдийн мэдлэг, ур чадварыг сайжруулах хүрээнд зохион байгуулагдсан “Гели-Неон лазер болон оптик давтамж тохируулагч ашиглан үнэмлэхүй оптик давтамжийн хэмжлийн эргэлзээг тооцоолохыг судлах” сэдэвт сургалтад СХЗГ-ын Хэмжил зүйн бодлого, эталоны хэлтсийн Уртын эталон лабораторийн ахлах мэргэжилтэн Б.Ундрах хамрагдлаа.
Сургалтад Өмнөд Африк-1, Монгол-1, Индонез-2, Энэтхэг-1, Вьетнам-1, Египт-1, Филиппин-2 гэсэн 7 орны хэмжил зүйн хүрээлэнгийн нийт 9 оролцогч оролцсон ба мөн Тайланд Улсын хэмжил зүйн хүрээлэнгийн уртын хэмжлийн 6 мэргэжилтэн хамрагджээ.
Япон Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн мэргэжилтэн Jun ISHIKAWA, Тайланд Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн доктор Monludee RANUSAWUD нариодоор тогтворжуулсан Гели-Неон лазерын бүтэц, ажиллах зарчим, лазерыг хэрхэн тохируулах талаар лекц уншин практик дээр ажилласан ба Япон Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн доктор Yoichi BITOU иодоор тогтворжуулсан Гели-Неон лазерыг ашиглан хэрхэн шалгалт тохируулга хийх талаар практик хичээл орсон нь оролцогчдод ихээхэн дадлага болжээ.
Сургалтын үеэр бүх оролцогчид хамтран Индонезийн хэмжил зүйн хүрээлэнгийн лазерийг Тайландын хэмжил зүйн хүрээлэнгийн лазертай дүйлгэж харьцуулалт хийсэн нь иодоор тогтворжуулсан Гели-Неон лазерын олон улсын харьцуулалтанд бэлтгэх дадлага ажил болсон. Түүнчлэн Тайланд Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн доктор Jariya BUAJARERN болон Япон Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн доктор Feng-Lei HONG нар оптик давтамж тохируулагч ашиглан иодоор тогтворжуулсан Гели-Неон лазер төхөөрөмжийн шалгалт тохируулгыг хэрхэн хийж болдог талаар үзүүлэн танилцуулсан бол Тайланд Улсын Хэмжил зүйн хүрээлэнгийн доктор Narin CHANTAWONG уртын хэмжилд лазерийн хэрэглээний талаар сонирхолтой илтгэлийг тавьсан.
Олон улсын өнөөгийн түвшинд уртын хэмжлийн нэгж “метр”-ийг иодоор тогтворжуулсан Гели-Неон лазер ашиглан гаргаж авдаг ба энэхүү лазерын хэмжилт нь нарийн ур чадвар, дадлага туршлага шаарддаг тул энэ удаагийн сургалт нь хөгжиж буй орнуудын лазерын хэмжилд ихээхэн дэм болсон чухал сургалт боллоо.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.