Шууд Chart

“Хятадын Apple"-ийн нийлүүлэлт дөрөв дахин өсчээ

2014-08-19 16:53:50

Apple-тай зарим үед харьцуулагддаг Хятадын компьютерийн салбарын үйлдвэрлэгч “Xiaomi” энэ оны эхний хагас жилд 2013 оны мөн үеийнхээсээ дөрөв дахин олон смартфоныг зах зээлд нийлүүлжээ. Арван тэрбумаар үнэлэгддэг тус компани энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сарын хооронд 26.1 сая ширхэг ухаалаг гар утас үйлдвэрлэлээс гаргасан байна. 

Энэ нь 2013 оны эхний зургаан сарын төдийгүй бүтэн өнгөрсөн жилийн туршид үйлдвэрлэснээс нь илүү гарсан тоо юм. Худалдааны хэмжээ нь 149 хувиар нэмэгдэж, 33 тэрбум юань буюу 5.32 тэрбум доллар болтлоо өссөн тухай хэвлэлийн мэдээнд дурдсан байна. 2014 онд "Xiaomi" 60 сая гар утас зах зээлд нийлүүлэхээр тооцоолж байгаа юм байна. Ухаалаг гар утасны өндөр өрсөлдөөнтэй зах зээлд "Xiaomi" орон нутагтаа давамгайлагчдын эгнээнд хурдацтай гарч ирээд зогсохгүй, "Canalys"-ийн мэдээгээр, энэ оны нэгдүгээр улиралд дэлхийн гар утас үйлдвэрлэгчид дунд зургаадугаарт бичигджээ.

"Xiaomi" компани өөрөө интернэт компанийн хувиар үйл ажиллагаа явуулж, ухаалаг гар утсаараа дамжуулан өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгодог. Хилийн чинадад ч хүрээгээ идэвхтэй тэлэх төлөвлөгөөтэй байна. Дашрамд дурдахад, "Xiaomi"-г маркетингийн арга барил, бүтээгдэхүүний нийлүүлэлт талаас нь голдуу Apple-тай ихэд харьцуулдаг. Тун боломжийн смартфонуудыг ардчилсан үнээр борлуулдгийнхаа ачаар эднийх Хятадад үнэнч худалдан авагчдыг байлдан дагуулж байна.

Тухайлбал, 2013 оны намар “Hongmi” загварын 130 долларын үнэтэй 100 мянган ширхэг утасны багц нь ердөө 90-хэн секундын дотор борлогдсон гэдэг. Түүнээс гадна шинэ загварыг нь худалдаж авахаар 7.5 сая хүн урьдчилсан захиалгаа ирүүлжээ. Үүнээс гадна Xiaomi Full HD дэлгэцтэй хямд смартфон, 4K нарийвчлалтай үнэтэй биш зурагт, бас iPad mini-гийн дууриамал зэргийг үйлдвэрлэжээ. 

Орчуулагч, редактор Л.Пүрэвдолгор


“Хятадын Apple"-ийн нийлүүлэлт дөрөв дахин өсчээ  
Үзсэн: 1403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй