Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын үйл ажиллагааг өргөтгөж, монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой энэхүү наадамд СУИС-ийн соёлын өв тээгч, уран бүтээлч багш, оюутнууд, Нийслэлийн Соёлын төвийн уран сайханчид, “Идэрийн цуурай” бөхийн дэвжээний авъяаслаг бөхчүүд зэрэг нийт 200 гаруй хүн оролцож байна.
Тус наадам нь нүүдэлчин монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлээс наадамчин олонд таниулах, соёлоо хайрлан хүндэтгэх, бахархах сэтгэгдлийг төрүүлэхэд чиглэдэг.
Энэ удаагийн “Соёлын наадам”-ын үзэл санаа “Их түүхийн жим”, “Өв, соёл, наадгай” гэсэн агуулгатайгаар зохион байгуулагдаж байгаа юм.
"Соёлын наадам"-аар дамжуулан Ураг төрлийн байгууллын үеэс Эртний улсуудын үе, Эзэнт гүрний үе, Шинэ монгол улсын цаг үе хүртэлх түүхийг цахим хэрэгсэл ашиглан археологийн олдвор, чулуун зэвсэг, буган хөшөө, хадны зураг, наадгай, эртний бургасан урц, угсаатнуудын хувцас, гоёл чимэглэл, дэлхийн өвд бүртгэгдсэн дурсгалт газрууд, монгол хөлөгт тоглоом, Хүннүгийн үеийн дурсгал, хаадын түүх, ном судар, СУИС-иас хэрэгжүүлсэн инновацын үр дүнг танилцуулна.
Энэ жилийн "Соёлын наадам"-ын хүрээнд “Гэр бүл”, “Түүхэн цаг үе” гэсэн үзэл санааг нэгтгэсэн “Монгол эрдэнэ” тоглолтыг долоодугаар сарын 11-нд хоёр удаа тоглоно.
Үндсэн хоёр тоглолтоос гадна өнөөдөр буюу долоодугаар сарын 11-нд нийт 12 удаа тоглох бол долоодугаар сарын 12-нд нийт 9 тоглолттой.
Б.Лхам
Хүй долоон худагт "Соёлын наадам" болж байна | ||
Үзсэн: 629 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.