Гурван жилийн өмнө Чехийн Прага хотод болсон нэгэн золгvй явдлын тухай Европын ихэнх сонинууд тэр үед дуу дуугаа авалцан бичиж байлаа. Тодруулбал, нэгэн явган зорчигч 22 дугаарын автобусанд дайруулж үхсэн бөгөөд зорчигчийн хэн болохыг тогтоож чадаагүй байна. Харин гэм буруутан болох автобусны жолооч 47 настай Иржи Глоубека дайруулж үхсэн хүнтэй усны дусал мэт адилхан байсанд хэргийн оньсого оршиж байгаа юм. Задлан шинжилгээний дүнгээр тэр хоёрын биеийн бүтэц болон цусны бүлэг ижилхэн байжээ. Тэр явдлаас хойш жолооч нөгөө дайруулж үхсэн хүнийг хэн гэдэг, хаанаас ирсэн болохыг олж мэдэхийн тулд ар гэр, төрөл садангуудыг нь олж уулзах ганц л зорилготой болжээ.
Хамгийн гол нь тэд яагаад ийм адилхан юм бэ гэсэн асуулт түүнийг зовоож байлаа. Гэтэл өнөөх үхсэн хүн тэнгэрээс унаад ирсэн мэт хэн ч түүний араас хайж, лавлаж, тэр байтугай элчингийн газраас хүртэл сураглаагүй юм. Ямартай ч тэр хүн лав сүнс байгаагүй, бусад энгийн хүмүүсийн адил махан бие, цустай байсан. Чехийн хуулийн дагуу цогцсыг хэн нэгэн асууж сураглахыг хүлээн хагас жил хадгалсны эцэст нутаглуулсан байна. Оршуулган дээр ганц хүн ирсэн нь автобусны жолооч байв. Өөртэй нь хачин адилхан өнөөх үхсэн хүний тухай бодол нь зовоосоор зүрх нь дийлэлгүй золгүй явдлаас хойш яг нэг жилийн дараа автобусны жолооч нас баржээ. Ингээд Прагад болсон энэхүү золгүй мөртлөө сонин тохиолдлын талаар Шинжлэх ухааны доктор, Астрал судлалын эрдэмтэн, сэтгэл зүйч Филипп Ростовцев:
-Прагад юу болсон талаар та тайлбарлаач?
-Энэ явдал хүний өөртэй нь адилхан ижил байдаг гэдгийг баталж байгаа ховор тохиолдлуудын нэг юм. Хэргийн материалд хохирогчийн болон жолоочийн зураг, тэдний цусны шинжилгээний дүгнэлт, ДНК-ийн шинжилгээ зэрэг бодит баримтууд хадгалагдаж байгаа. Тэр хоёр эрэгтэй тухайн өдөр яг ижилхэн настай байснаас гадна задлан шинжилгээний дvгнэлтээр хоёулаа адилхан өвчнөөр өвдсөн байсан. Тэдний биеийн талаарх мэдээлэл хангалттай байгаа ч хувийн мэдээлэл байхгүй. Тэгэхээр хүн бус астрал биет гэсэн дүгнэлтэд хүрч байна. Мөн ижил хүмүүсийн амьдралын зам огтлолцож байгаа тохиолдлын нэг юм.
-Мэдээж жолоочийн ижил хүн агаараас төрөөгүй байж таарна шүү дээ?
-Хүний хоёрдогч ижлийн талаарх олон онол байдаг. Астрал нь биет болон бүрэлдэхээс авахуулан цаг хугацааны гогцоо буюу өөрөөр хэлбэл ирээдүй болон өнгөрсөн үеийн өөртэйгөө бодит амьдрал дээр тааралдах явдал юм. Энэ талаар чухал судалгааны баримт, номууд олон бий. Тиймээс энэ сэдвийг хоёрхон өгүүлбэрээр гүйцэд тайлбарлаж боломгүй. Ихэнх онолчид үүнийг сэтгэл, мэдрэлийн гажилттай холбон тайлбарладаг.
-Прагад болсон явдлаас өөр адилхан тохиолдол байдаг уу?
-Миний мэдэхийн хүн өөрийн бодит ижил хүнтэй уулзалдсан баримтаар баталгаажуулсан дөрвөн тохиолдол бий. Хий үзэгдэл, сүнсний аль нь ч биш, жинхэнэ амьд биет юм. Одоогоос таван жилийн өмнө Минскийн сэтгэц мэдрэлийн эмнэлэгт нэгэн тэнэмэл хүн хүргэгдэн иржээ. Түүнийг цагдаа нар галт тэрэгний буудлаас олж хэн болохыг нь тогтоохыг оролдож байцаасан байна. Гэвч тэр утга учиргүй эргэн тойрныг ширтэж, асуултад ч хариулахгүй ер нь яг л мэдрэлийн өвчтэй хүн гэж бодогдохоор байжээ. Тиймээс түүнийг эмнэлэгт хүргэн шинжилгээнд оруулахаар болов. Гэтэл өнөөх тэнэмэл хүнийг хэр буртгаас нь угааж цэвэрлэн, сахал үсийг нь хусаж янзлахад тус эмнэлгийн шинжилгээний тасгийн дарга, ахлах эмчийн ижил нь гарцаагүй байж таарчээ. Дарга эмчлүүлэгч хоёр өөд өөдөөсөө яг л толинд харж байгаа юм шиг зогсож байлаа.
-Учир нь олдсон уу?
-Эмч, өвчтөн хоёрын уулзалт ойролцоогоор долоо хоног л үргэлжилжээ. Энэ хугацаанд эмч 1949 онд өөрийн мэндэлсэн төрөх эмнэлгийн архивыг шалгасан боловч ихэр гэсэн ямар нэгэн баримт бичиг, сэжүүр ч олдоогүй байна. Долоо хоногийн дараа тус эмнэлэгт эмчлэгдэж байсан сэтгэц мэдрэлийн өвчтэй гэмт хэрэгтэн оргожээ. Тэр шөнө эмчийн ижил нь хамт алга болсон юм. Гэмт хэрэгтэнг барьсан боловч ижил хүнийг олж чадаагүй байна. Энэ явдлаас хойш хагас жилийн дараа эмч нууцыг олж чадаагүйгээсээ болж шаналсаар зүрх нь хаагдан нас барсан юм.
-Тэгэхээр хүний хоёрдогч ижлийг үхлийн мэдээ авчрагч гэж ойлгож болох нь ээ?
-Дандаа ч бас тийм биш. Миний судалгаа баримтаас үзэхэд хvн өөрийн хоёрдогч ижилтэйгээ амьдрал дахь томоохон өөрчлөлт, хүнд өвчин тусах аль эсвэл албан тушаал ахих зэрэг явдлуудаас өмнө учирч байсан. Нөгөө хоёр тохиолдол нь Австрали, Францад болсон юм. Францад 12 жилийн өмнө галт тэрэгний томоохон осол болсон байна. Эмнэлэгт хүргэгдсэн нэгэн хохирогчид нөгөө вагонд явж байсан түүний ихэр амь үрэгдсэн тухай мэдэгдсэн байна. Зорчигч өөрийгөө ихэр биш гэж тайлбарлахыг оролдсон боловч түүнийг моргод очиж цогцсыг таниулахыг ятгаж чаджээ.
Мэдээж өөрийгөө үхсэн хэвтэж байхыг харсан хүнд ямар олиг байхав дээ. Гэхдээ тэр хүн одоог хvртэл амьд мэнд ажлаа хийгээд явж байгаа. Олон жилийн судалгаанаас үзэхэд хүн нь өөрийгөө гэрчлэх бичиг баримттай байхад, харин ижил хүний талаарх ямар нэгэн гарал үүслийн тухай мэдээлэл олддоггүй. Хүн ижилтэйгээ тааралдах үедээ анхааралтай байваас энэ сонин тохиолдлын нууцыг хурдан тайлж чадах юм. Хэрэв хэн нэгэн өөрийн ижил хүнтэйгээ тааралдах юм бол амьдралд тань заавал ч үгүй томоохон өөрчлөлт гарна гэдгийг битгий мартаарай. Харин сайн, муу аль тал руугаа вэ гэдгийг хэн ч мэдэхгүй.
| Танд заавал ч үгүй хоёрдогч ижил байгаа бөгөөд хэрэв тааралдваас...? | ||
| Үзсэн: 3371 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.