Шууд Chart

Бага насны 100 гаруй хүүхэд амь үрэгдэв

2014-12-17 11:22:27

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 16-ны өглөө Пакистаны Пешевар хотын нэгэн дунд сургууль руу автомат буу, гранат болон тэсрэх бөмбөг бэхэлсэн амиа хорлогчийн бүс зэргээр зэвсэглэсэн этгээдүүд халдан, бага насны хүүхэд голчлон 500 гаруй  хүнийг барьцаалсан хэрэг гарлаа гэж "ИТАР-ТАСС" агентлаг мэдээллээ. Барьцаалагч этгээдүүд хэт даврагч "Техрик-и-талибан Пакистан" бүлэглэлийн гишүүд байжээ.

Улмаар 15 цагийн орчимд  тус сургуульд гурван удаа хүчтэй дэлбэрэлт болж, сургууль тэр чигтээ нурснаас 140 гаруй хүн амиа алдаж,  245 гаруй хүн хүнд шархадсан талаар орон нутгийн эрх баригчид мэдэгдэж байна. Амиа алдагсдын дотор 100 гаруй бага насны хүүхэд байжээ. Хууль сахиулагчдын зүгээс явуулсан барьцаалагсдыг устгах арга хэмжээний үеэр тус сургуульд халдсан зургаан этгээдийн нэг нь өөрөө өөрийгөө дэлбэлж, үлдсэн хоёр нь цагдаа, цэргийн хүчнийхний гарт амиа алдсан бол үлдсэн гурав нь баригджээ. Түүнчлэн тус хотын бусад сургуулиуд болон олон нийтийн газруудыг цэрэг, цагдаагийн онцгой хамгаалалтад аваад байна.

Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф Пешавар хотод хүрэлцэн очиж, амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн улс орон даяар гурван гашуудал зарлана гэдгээ мэдэгдэв. Хохирогчдын ихэнх нь маш хүнд шарх авсан бөгөөд ийм олон хүнд яаралтай маш их хэмжээний цус шаардлагатай байгаагаас үүдэн Пешаварын бүх эмнэлэг онцгой байдлын горим руу шилжин, халдлагын улмаас шархадсан хүмүүст цусаа өгөхийг орон нутгийн иргэдэд уриалж байгаа юм.


Бага насны 100 гаруй хүүхэд амь үрэгдэв  
Үзсэн: 1625 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй