Шууд Chart

Зимбабве улс арслан агнахыг хориглож магадгүй

2015-08-07 13:33:41

Зимбабве улсад хууль бус ан агнуур цэцэглэж, холбогдох удирдлагууд хулгайн антай тэмцэж хүчирхгүй байгаа талаар дэлхий нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.

Хэдийгээр тус улсын хулгайн антай тэмцэх үйл ажиллагаанд дэлхийн улс орнууд туслалцаа дэмжлэгэ үзүүлж байгаа ч тодорхой үр дүнгээ өгөхгүй байгаа юм. Цаг үеийн байдал ийм байгаа үед тус улсад олны дургүйцлийг хүргэсэн бас нэгэн зүйл болсон байна.

Тодруулбал, Зимбабве улсын Хвангэ үндэсний хүрээлэнд Сесил хэмээх олонд хайрлагдсан арслан байжээ. Тэр арслан дээр Оксфордын их сургууль эрдэм шинжилгээний сорилт тавьж хүзүүнд нь сансарын станцад мэдээлэл дамжуулдаг цахим цагираг хүзүүвч зүүсэн гэнэ. Гэтэл АНУ-ын Миннесота мужийн шүдний эмч, ан хийх дуртай Ултер Палмер гэгч орон нутгийн хоёр анчинд хахууль өгч, уг арсланг хүрээлэнгийн хашаанаас нууцаар гаргуулж байгаад харваж орхисон байна. Ингээд хорхойгоо дарж, хүслээ биелүүлсэн Палмер ч нутаг буцаж нөгөө хахууль авсан анчид удалгүй баригдаж шүүхээр оржээ. Тэр хоёр анчинд 20 мянган долларын торгууль оногдуулж, 10 орчим жил шоронд хорих ял төлөвлөсөн тул тэдгээр анчид сандарч Палмертай холбоо тогтоох гээд чадаагүй байна. Тэдний хулгайн ангын асуудлыг шийдэхийн тулд Зимбабве улс АНУ-д гомдол мэдүүлжээ.

Палмер нь энэ тухай мэдээд "Би хууль бус юм хийгээгүй" гэж хэт яаран сүр бадруулан олон нийтийн хэрэгслээр мэдээлж хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Харин тэр бардамнал нь түүнд сайн юм авч ирсэнгүй, ам амьтан хамгаалдаг хүмүүсийн дургүйцлийг хүргэж нийтийг хамарсан асуудал болон дэгдсэн байна. Энэ хэрэг нийтэд ил болсноос Африк тивийн дургуйцлийг хөдөлгөж, үндэстэн дамнасан хэрэг болон хувирчээ. Палмерийн шүдний эмнэлгийн гадаа хэдэн зуун хүн үхсэн арслангийн дурсгалд зориулан цэцэг тавьж, лаа асааж, эмгэнэл бичих, зарим нь бүр заналхийлэх болсноор Палмер ажилдаа орж, гарч чадахгүй шүднийхээ эмнэлгийг түр хаагаад гэртээ бүгсэн байна. Харвуулж үхсэн арсланг 40 цаг тарчилсан гэж үзжээ. Нүүр ном, твиттeр зэрэг олон нийтийн хэрэгслээр "Палмерийг шийтгэ" гэж хэдэн зуун мянган хүн дуу хоолойгоо нэгтгэж байгаа аж. Түүнчлэн Зимбабве улсын Байгаль орчныг хамаалах газраас мэдэгдэл гаргахдаа Палмерийг урд өмнө нэн ховор хар баавгайг агнаж эрүү үүсгэн торгуулж байсан тухай бас мэдэгдсэн байна. Энэ нь сэжигтнийг улам хүнд байдалд оруулсан аж. Энэхүү нөхцөл байдал Зембабве улсыг арслан агнахыг хориглох хууль батлуулж ч магадгүй гэж олон улсын ажиглагчид мэдээлж байгаа юм.
 


Зимбабве улс арслан агнахыг хориглож магадгүй  
Үзсэн: 1040 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй