Шууд Chart

Авлигын хэргээр эрэн сурвалжилж байсан Хятадын бизнесменийг эх оронд нь шилжүүллээ

2015-10-06 13:41:55

Хятад Улс нь хилийн чинадад амьдарч буй авлига, эдийн засгийн гэмт хэрэгт холбоотой бизнесмен болон албан тушаалтнуудыг буцаан авах зорилготой “Sky net” ажиллагааны хүрээнд өнгөрөгч 4 дүгээр сард 100 хүний нэрийг олон нийтэд зарласан. Гэвч одоогийн байдлаар Хятадын авлига, эдийн засгийн гэмт хэрэгтнүүдийн хамгийн их зорчдог АНУ болон Канадтай БНХАУ ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй тул хэрэгтнийг эх оронд нь буцаах асуудлаарх эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй байгаа юм.

Харин АНУ нь БНХАУ-тай Ялтан шилжүүлэх гэрээ байгуулаагүй байгаа ч Ян Жинхуныг эх оронд нь буцаах шийдвэрийг АНУ-ын Төрийн Департаментаас гаргажээ.  Залилан хийсэн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан бизнесмен Ян Жинхуныг ийнхүү АНУ-аас эх оронд нь буцаан авчирч байгаа нь “Sky Net” ажиллагааны хүрээнд тус улсаас авч байгаа хамгийн анхны хүн боллоо хэмээн Хятадын Хяналтын яамнаас мэдэгдлээ.

“Ян Жинхуныг Хятадад буцаан авчирч байгаа нь хууль бусаар хилийн чинадад гарсан хөрөнгийг буцаан авахаар ажиллаж байгаа Хятад Улсын хүчин чармайлтын илэрхийлэл боллоо. Авлигачид хэр хол явсан, эсхүл хэр удаан хугацаатай нуугдаж байгаа нь бидэнд асуудал биш, бид тэднийг буцаан авчрах талаар чадах бүхнээ хийх болно” хэмээн БНХАУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Хонг Лей мөн энэ үеэр хэлсэн байна.

Ян Жинхун нь Вэньжоу хот дахь “Minghe” группийн ерөнхий менежерийн албан тушаалыг хашиж байгаад 2001 онд АНУ руу явсан бөгөөд 2005 оноос түүнийг Интерполоор хайж эхэлсэн билээ. Үүнээс гадна Вэньжоу хотын дэд даргын албан тушаалыг хашиж байхдаа 40 сая ам.доллар завшсан хэрэгт буруутгагдаж байгаа Ян Жинхуны эгч Ян Шиузу нарын авлига, эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүд АНУ-д байсаар байгаа юм.


Авлигын хэргээр эрэн сурвалжилж байсан Хятадын бизнесменийг эх оронд нь шилжүүллээ  
Үзсэн: 946 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй