АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама, Оскарын шилдэг эмэгтэй дүрийн эзэн, алдарт жүжигчин Мерилл Стрийп нартай Цагаан ордонд хийсэн сонирхолтой ярилцлагыг Швейцарын Женев хотод амьдардаг Доржийн Болортуяагийн орчуулгаар уншигчдадаа хүргэж байна.
-Хатагтай Обама эхлээд эхлүүлсэн төслийн тань талаар ярилцья. Таны амьдралд ямар эмэгтэй хамгийн их нөлөөлсөн бэ. Багадаа хэнээс үлгэр дууриал авдаг байв?
Мерилл Стрийп: -Ээж маань нөлөөлсөн. Миний ээж тийм алдар нэртэй олны танил хүн байгаагүй. Гэвч ээжийн минь очсон газар болгон гэрлээр гийх шиг болж, харин явахаар нь тэр гэрэл унтарч хүмүүс нэг л гунигтай болдог байсан. Хүнд хэрхэн яаж нөлөөлөв гэдэг л их чухал юм байна. Ингээд бодохоор ээж маань л одоогийн энэ “Би” гэдэг хүн бүрэлдэн бий болоход хамгийн чухал нөлөө үзүүлж. Тэрээр дандаа "Миний охин хүссэндээ хүрье гэж бодож зорьж л байгаа бол хүрнэ, чадна. Энэ бүхэн гагцхүү чамаас л хамаарна. Өөр хэнээс ч биш" гэж хэлдэг байсан. Гэхдээ "Миний охин мундаг шүү" гэж хэлээгүй, харин "Чи тавьсан зорилгодоо хүрч чадна. Харин залхуурвал чадахгүй. Зорьсондоо хүрэхийн тулд зорилгоо өөртөө байнга сануулж тэмүүлэх, зорилгодоо хүрчихсэн мэтээр төсөөлөн, маш ихээр хүс" гэж сургадаг байсан. Би ч үүнд нь итгэж өссөн. Хар нялхаас ээжийн минь хэлж ирсэн сургаал ердөө л энэ. Энэ сургаалаар би хүмүүжиж, гэхдээ үүнээс болж би бас нилээн бардам болсон байж магад /инээв/.
Мишель Обама: -Бардам, өөртөө итгэлтэй, гэхдээ түүндээ хүрч биелүүлж чаддаг уу. Яг энэ үзэл бодол, танай ээжийн сургааль намайг ч бас өнөөдрийн Би болоход нөлөөлсөн. Тэгэхээр танай манай хоёр ээж их адилхан юм. Би өөрийгөө нилээн мэдрэмжтэй хүн гэж боддог, дээрээс нь миний оюун ухаан сайн бас нөхцөл байдал, хүмүүсийг их сайн уншиж мэдэрч чаддаг гэж боддог. Ингээд бодохоор ээж маань ч гэсэн яг ийм хүн байгаа юм даа.
-Та хоёр ээжтэйгээ адилхан уу. Ээжийнхээ цутгамал юм биш биз?
Мишель Обама: -Би харин санаснаас их ээжтэйгээ адилхан байх аа. Үүнийгээ саяхнаас л ээжтэйгээ хамт амьдрах болсноос хойш улам ихээр ухаарч байна. Ээж маань заримдаа миний дургүй юмыг хийнэ тэрэнд нь би бухимдана, тэгснээ "Яанаа, би нээрээ бас ингэдэг юм байна шүү дээ" /инээв/ гэж бодно. Охин маань ч гэсэн бас тэгж ажигласан байна билээ. Миний ээж ямар ч дээд сургууль төгсөөгүй, элдэв диплом үнэмлэхгүй ч тэрээр хүссэн болгоноо хийсээр ирсэн. Гэхдээ өөрийнх нь төдийлөн сайшаадаггүй юмыг ч гэсэн үр хүүхдүүддээ хийхийг хүлээн зөвшөөрч ирсэн. Ихэнх эмэгтэйчүүд хүүхдүүдээ айдаг юмнаасаа хол байлгадаг бол манай ээж тэгээгүй. Өөрөө айж санаа зовж байсан ч бидэнд сонгох эрх өгсөн. Манай ээж аялаж хол явах дургүй ч ахыг маань сагсан бөмбөгийн тэмцээнээр Европ явах боломж гарч ирэхэд "Май, миний хүү, онгоцны чинь тийз энэ байна. Хурдан тэр Парис руугаа явж тэр тэмцээндээ оролц" гэж хэлээд явуулж байлаа. Тэрээр айдсаа үр хүүхдэдээ дамжуулж болохгүй гэдгийг маш сайн ухамсарласан байсан л даа. Яг үүнийг одоо би охид дээрээ туршаад, айдсаараа охидынхоо хүсэл мөрөөдлийг бөхөөж унтраачих вий гэж болгоомжилдог.
Мерилл Стрийп: -Би ээж шигээ биш ээ. Би ээжээсээ хамаагүй илүү дотогшоо хүн. Хүмүүст, олон нийтэд бодол санаагаа ил гаргахгүй талын хүн байгаа юм. Олны өмнө гарахаасаа өмнө би өөртөө "Мэри, чи үүнийг хийж чадна аа" гэж зоригжуулдаг хүн дээ. Хийж чадна гэж бодсон юмаа хийх нь итгэл хүч хайрладаг гэж би боддог. Би одоо ч гэсэн өдөр болгон өөртөө “Чи чадна аа” хэлдэг. Би хэрэв өөрийгөө айдсаа сонссон бол өдөржин гэрээсээ гарахгүй "өнөө орой ямар хоол идэх вэ" гээд л бодоод сууж байх байлаа.
-Та хоёр хоёулаа хоёр хоёр охинтой. Эх хүний хувьд охидоо энэ эрчүүдийн ч гэмээр юм уу, эсвэл эмэгтэй хүн арай л бага үнэлэгддэг ертөнцөд бэлтгэхийн тулд яаж сурган хүмүүжүүлэв?
Мишель Обама: -Би охидтойгоо их ярьдаг. Энэ бол миний ээжээсээ өвлөж авсан нэг зүйл. Ээж маань үргэлж “Чи хүүхэд өсгөж байгаа биш, хүн өсгөж байгаа шүү” гэж хэлдэг байлаа. Тиймээс ч би охидтойгоо аль болох эртнээс нээлттэй чөлөөтэй харилцааг бий болгохыг зорьсон. Одоо миний охид /Малия 17, Саша 14 настай/ шилжилтийн насанд хүрцгээлээ. Ийм өсвөр насныхан голдуу үеийнхнээсээ асууж зөвлөдөг. Би харин тэр асууж зөвлөөд байгаа юмаа ээжтэйгээ зөвлөөрэй, ээж нь мэдэж байгаа гэж байн байн сануулдаг. Хүүхдүүд маань өөр нэг 14 настай охины заасан замаар бүү яваасай гэсэн дээ тэр. Гэхдээ бас хэт их яншиж, юм болгоныг хажуугаас нь зааварлаад байдаггүй.
Мерилл Стрийп: Хэт заах юм бол залхаад зөрүүдлээд угаасаа үгэнд орох ч үгүй.
Мишель Обама: -Хэлэх гэсэн санаагаа охидтойгоо өөр энгийн юм ярьж байхдаа ч юм уу, эсвэл асуудлыг нь яриулж байхдаа, заримдаа аавынхаа хэлсэн үгэнд уцаарлан туниж байхад ч нь юмуу хавчуулан хэлчих бас их зүгээр. Миний ажигласнаар ийм л үед тэд хэлсэн үгийг арай илүү авч тусгаад байх шиг.

Мерилл Стрийп: Үүн дээр тэргүүн хатагтай байх бас их сөрөг талтай байж магадгүй шүү. Учир нь та бусад эхчүүд шиг сургуульд нь хүргэж өгөх замдаа машин дотор яриулчихна гэж байхгүй. Ер нь машин дотор их чухал чухал яриа болдог юм шиг ээ. Ээж жолоогоо бариад чимээгүй явахад /анхаарал шаардлагатай тул/ хүүхдүүд их ярьдаг. Ээж шууд л “Өнөөдөр юу болов, яав ийв?” гэж байцаахгүй. Ийм асуултаар булвал хүүхдээс юу ч олж сонсохгүй. Хүүхдээс юм олж сонсохын тулд дуугай байгаад л , чихээ дэлдийлгэх хэрэгтэй юм шиг байгаа юм.
Мишель Обама: -Харин тийм, өөрөө ярьж эхэлтэл нь хүлээх үү?
Мерилл Стрийп:Яг үнэн, хүлээх. Хүмүүс надтай уулзахаараа л “Та их хүчирхэг эмэгтэй юм шиг санагддаг” гээд л эхэлдэг, тэгэхээр нь би “Та яриагаа эрчүүдтэй бас л “та их хүчирхэг эрэгтэй юм” гээд л асуултаа тавьдаг уу” гэж сөргүүлэн асуудаг. Үгүй л байхгүй юу. Яагаад гэвэл бид эрчүүдийг угаасаа тийм хүчирхэг гэж хэдийнэ хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Бид яагаад эмэгтэй хүн бас ийм хүчирхэг байна гэж бодож заншаагүй юм бэ. Миний охид /Мами 32, Грэйс 29, Луйза 24 настай/ бүгд их чадмаг төрсөн, өсч бойжихдоо ч гэсэн бадриун мундаг байсан. Харин шилжилтийн насандаа очоод жаахан эргэлзээ, өөртөө итгэлгүй болж ирсэн ч төдөлгүй засарч давсан. Гурван охин маань ганц хүүгээс их өөр байсан /Хүү Хэнри 36 настай/. Ер нь хүү өсгөх гэдэг бас шал, өөр сорилт, том даваа. Хүүхэд өсгөхөд хамгийн гол юм бол өөрөө үлгэрлэн үзүүлэх л юм билээ. Тэд өөрсдөө ч мэдэхгүйгээр эцэг эхээ байнга ажиглаж байдаг. Хүүхдэд ажиглагдахгүй өнгөрдөг юм гэж нэгээхэн ч үгүй гэхэд болно. Ялангуяа бага насны хүүхэд бол яг л локатор гэсэн үг.
Мишель Обама: -Тэднийг бүхнийг сонсож шингээж аваад эргүүлээд бидэнд тавьсан жүжгийг минь эргүүлэн тоглож үзүүлнэ шүү дээ. Үр хүүхэд маань биднийг сайн эцэг эх байж чадаж уу үгүй юу гэдгийг өөрөөрөө харуулаад өгдөг. Гэхдээ энэ бас хүүхэд болгон дээр ч бас тохиохгүй ээ. Дараа дараачийн хүүхэд гарч ирэхээр “Үгүй энэ чинь одоо юу болов оо? Энэ маань ахаасаа/эгчээсээ шал өөр юм гээч хөөе” гэж гайхширах тохиол ч бас байна. Гэлээ ч яалтай билээ, бас л хүмүүжүүлэх гээд зүтгэнэ биз дээ, нөгөө айхтар нөхрийг чинь. Завиа жолоодон залуурдах гэж чармайна ч, чардайна ч. Энэ явдал юу харуулаад байна гэхээр, хүүхэд болгонд төрөлх заяагдмал зан чанар гэж байгаа. Ийм бие хүнийг хаашаа л бол хаашаа эцэг эхийн хүссэнээр амархан залуурдчихаж болно гэж боддог бодлынхоо эсрэг л эцэг эхчүүд бид өөрөө өөртэйгөө тэмцэлдэх хэрэгтэй юм шиг. Хүүхдэд өөрөөрөө байх боломжийг нь үлдээгээд дэмжиж өгөх л их хамгийн сайн арга гэж би боддог.
Мерилл Стрийп:Харин тийм яг ийм дэмжлэг л тэднийг маань цэцэглүүлэн хөгжүүлнэ.
Мерилл Стрийп: Холливудэд хүртэл эмэгтэй жүжигчид асар их эсэргүүцэлтэй тулгарч байна
-Өнөөгийн охидод тулгарч байгаа хамгийн чухал асуудал юу байна гэж та хоёр боддог вэ?
Мишель Обама: -Боловсрол, боловсрол, бас дахин хэлье боловсрол. Олон хүүхэд лицей бол алдар хүнд, амжилтын оргилд хүрэхийн өмнөх зүгээр л нэг зогсоол мэтээр сэтгээд байх шиг. Энэ улс орны охид эмэгтэйчүүд сурч боловсрох бол энэ амьдралын хамгийн чухал, хамгийн агуу гоё юм гэж ухаараасай л гэж би чин сэтгэлээсээ хүсч байна.
Мерилл Стрийп: Харин тийм. Ганц охид ч биш, бас хөвгүүд ингэж зориосой, тэгэхгүй бол хөвгүүдэд маань ч гэсэн бодол санааг нь сарниах хэт их юм байна.
Мишель Обама: Үнэн үнэн.
Мерилл Стрийп: Гэхдээ өнөөгийн охид хүүхнүүд бидэнд нэг асуудал байна. Бид эрчүүдтэй адил тэгш эрхтэй гэж тунхаглагдсан мөртлөө, яг тэр тунхагийнхаа тунхаглалд бүрэн хүрч, адил тэгш эрхээ эдлэхгүй байгаа юм шиг. Хүн төрөлхтөний түүхэнд анх удаа эмэгтэй хүн эрчүүдтэй мөр зэрэгцэн нийгмийн бүхий л салбарт хүчээ үзэх нөхцөл бололцоо анх удаа бүрэн бүрдлээ гэхэд болно. Гэсэн хэдий ч өмнө минь эсэргүүцэл байсаар байна. Ийм эсэргүүцэл хаа сайгүй байна гэхэд хилсдэхгүй. Засаг төр удирдлагын бүхий л шатны байгууллагад, бас Холливудэд ч байна. Тиймээс охидод маань тулгарах гол бэрхшээл бол энэ саадыг даван туулах явдал юм. Тэгэхээр бид эх хүний хувьд охидоо эдгээр нүдэнд үл үзэгдэгч эсэргүүцлийг даван туулах зүрх зориг, хүчтэй болгохоос гадна эрх тэгш байдал гэдэг бол нэг их тэгж хүн айж сүрдээд байхаар юм биш гэдгийг нийгэмд давхар ойлгуулж өгөхийг зорих хэрэгтэй. Бидний охид энэ эсэргүүцлийн эсрэг тэмцэх хэрэгтэй. Надад өөрт маань ийм эсэргүүцэл хаа сайгүй байнга тулгарч ирсэн болохоор би ингэж хэлж байна.
-Тийм үү. Бүр Холливудэд ч тийм эсэргүүцэл байна гэж үү. Хүмүүс таны энэ үгийг сонсоод гайхна байх даа.
Мерилл Стрийп: - Холливудэд ийм эсэргүүцэлтэй тулсан уу гэнээ. /инээв/ Патрисия Аркуэтийн Оскарын шагнал гардан авахдаа хэлсэн үгийг та сонссон уу. /эрэгтэй эмэгтэй жүжигчдийн цалингийн ялгааны талаарх/ Энэ бол санаанаасаа зохиосон худлаа зүйл огтоос биш, үнэний дээд үнэн шүү дээ.
Мишель Обама: -Ээж маань бидний өнөөгийн амьдралыг биднийг харчихаад “Та нарт бүрэн боломж байна” гэж байнга хэлдэг. Ээжийн маань үед эмэгтэйчүүдэд сонголт үнэхээр хомс байж. Өнөөгийн бид хүртэл заримдаа “Надад карьер хийх шаардлага байна уу. Би гэртээ сууж үр хүүхдээ өсгөн бойжуулахыг илүүд үзвэл яах вэ. Би хүчирхэг мундаг эмэгтэй болохыг сонирхохгүй бол яах вэ” гэх мэт олон асуултын хооронд эргэлзэж тээнэгэлзэж байна. Би ч гэсэн эдгээр асуулттай үргэлж тулгардаг. Учир нь хүмүүс намайг хүчирхэг эмэгтэй гэж хүлээж авдаг болохоороо ч тэр үү, эсвэл өмнөх тэргүүн хатагтай жинхэнэ хүчирхэг эмэгтэй Хилари Клинтон ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн болохоор ч тэр үү байнга л “Та ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү” гэж асуудаг. Гэхдээ Хилари бид хоёр адилгүйгээс гадна, бас өөр хүсэл эрмэлзэл зорилготой.

-Та ажил, ар гэр хоёртоо цагаа хэрхэн тэнцүү хуваарилдаг вэ. Ажилдаа зарцуулах цаг чинь ар гэрт чинь хүндрэл учруулдаг уу?
Мерилл Стрийп: -Миний ажил гэр бүлд маань хүндрэл учруулдаггүй, харин ар гэрийн амьдралын маань нэгэн чухал бүрэлдэхүүн хэсэг. Гэхдээ миний эрхэлдэг ажил ихэнх хүмүүсийн ажлаас өөр л дөө. Миний ажил бол дүрд хувирч, тухайн дүрээрээ амьдарч, зовоход нь зовж, жаргахад нь жаргаж түүгээрээ дамжуулан эргээд өөрийнхөө амьдралыг баяжуулж цэнэглэдэг тийм гайхамшигтай ажил. Хүүхдүүд маань ч гэсэн бас амилуулсан дүрээр минь дамжуулж ээжийгээ дахин нээж таньж байдаг. Жишээ нь 2012 онд тоглосон “Төмөр хатагтай” хэмээх киноны Маргерет Тэтчер хатагтайн дүр байна. Гэхдээ би хүүхдүүдээ гараас гараагүй бага байхад тэднээсээ 2-3 долоо хоногоос илүү холддоггүй байсан. Тухайн үед миний миний гол зарчим, мөрдлөг байлаа. Жижиг хүүхэд эцэг эхээ 3 долоо хоногоос илүү удаан хугацаагаар явбал сүүлдээ санахаа болиод, эргэж ирэхэд нь тоохоо больдог тал бий. Би мэдээж юу гэж энийг хүсэх вэ дээ.
Мишель Обама: -Ээжийгээ удаан яваад “Сайн уу миний хүү, ээж нь ирлээ” гээд ороод ирэхэд нь өөдөөс “Алив, та наад тоглоомоо аваад өг дөө” гэвэл нээрээ балрав аа. Барак сенатор байхдаа ихэнхдээ Вашингтонд байдаг байлаа. Охид маань жаахан, бид Чикагодоо үлдсэн. Найдвартай сайн хүүхэд асрагч маань ажлаасаа гарахад би машин барьдаггүй асрагч олов. Ёстой баларсан, их хэцүү юм билээ. Тэр үед Малия, том маань цэцэрлэгт, бага нь гэртээ байсан. Ээж эсвэл хүүхэд хардаг хүүхэн маань өглөөний 5 цагт ирж намайг фитнэст явуулна. Тэгээд хар үүрээр цаг хагас дасгал хийчихээд 6:30-д фитнэсээсээ ирээд томыгоо босгож өглөөнийх нь ундыг өгөөд өөрөө цэцэрлэгт нь хүргэж өгнө. Дараа нь шууд ажилдаа очиж өдрийн 2 цаг хүртэл ажиллачихаад буцаж цэцэрлэг рүү давхиж, охиноо аваад гэрт нь бушуухан аваачиж асрагчдаа тушаана. Тэгээд л буцан давхиж ажилдаа ирж оройн хоолны цаг хүртэл ажилладаг байлаа. Би яг ингэж бүтэн 6 сар ажилласан.
Мерилл Стрийп: -Ийм стресстэй үед цас ороогүй ч юм уу хэн нэгэн өвдөөгүй бол их амжилттай сайн өдөрт тооцогдож байгаа биз дээ?
Мишель Обама: Харин тийм. Ийм үед хэн ч өвдөх эрхгүй.
Мерилл Стрийп: Хүн өөрийнхөө дээд хязгаарыг /лимит/ тогтооно, бас тэр хязгаар дотор юу болохыг ч бас өөрсдөө тогтооно.
Мишель Обама: -Харин тийм. Би амьдралынхаа шаардлагын дагуу ажлаа зохион байгуулсан. Угаасаа үүнийг ч амьдрал биднээс шаардаж байсан. Өөрөөр хэлбэл сайн ээж байхын тулд ингэх хэрэгтэй болсон. Гэхдээ өнөөдөр бас нөхцөл байдал өөрчлөгдөж сонголт хамаагүй ихэслээ. Миний хүүхдүүдэд юу ч дутагдаагүй. Ээжийгээ ажил хийлээ гээд тэд маань надаар айхтар дутаж зовоогүй гэхэд болно. Бас би ажил хийлээ гээд тэднийгээ бага хайрлаагүй. Бас аав Вашингтонд ажилтай, 5 дах өдрийн орой гэртээ ирнэ гэдэг нь ч гэсэн тэдний маань хувьд жирийн байх ёстой зүйлээр бодож өссөн дөө.
Мерилл Стрийп: -Хүүхдүүд чинь хайраар дутаагүй, айдас хүйдэсгүй өсч байгаа болохоор тэгдэг юм.
Мишель Обама: -Үүнээс болж би ажил ар гэрээ тэнцүүхэн авч явах асуудлын талаар илүү нухацтай боддог болсон. Ажил маань намайг тодорхойлж, бий болгож байна гэдгийгээ ойлгоход төвөггүй байлаа. Ажил хийх бол миний өөрийн сонголт байсан.
Мерилл Стрийп: -Хүү маань хөгжимчин. Тэр 21 настайдаа Талархлын баярын ширээг бидний гэр бүл хамаатан садны 16 хүн тойрон сууж байхад гэнэт “Амьдралдаа хамгийн ихээр харамсаж явдаг зүйл маань юу гээч” гэж асуув. Би ч үүнийг сонсоод яс хавталзан “За одоо яадаг билээ, ангиараа тоглосон жүжгийг нь очиж үзэж чадаагүй, эсвэл ямар нэг хүлээлтийг нь биелүүлсэнгүй” гэж хэлэх нь гэж айж байтал тэрээр “Та намайг хөгжмийн дугуйланд явуулаагүй” гэж авдаг байна шүү. Би тэгэхээр нь “Би чамайг төгөлдөр хуурын дугуйланд явуулаа биз дээ? Бүтэн хоёр жил явуулсан шүү дээ” гэв. Мань хүн бүр тас мартчихсан байна билээ.
Мишель Обама: -Хүү чинь өөрийгөө хөгжмийн гоц авьяастай гэж итгэж байж дээ, тэгвэл.
Мерилл Стрийп: -Тэр 15 настайдаа гитар аваад өөрөө бие дааж сурсан гээд байсан, тэр нь үнэн. Гэхдээ төгөлдөр хуурынхаа курсийг тас мартчихсан байсан, их сонин. Намайг төгөлдөр хуурын курст явуулья гэхээр сагс тоглоно гэсэн хүн л байсан юм. Тэр үед хөгжимдөө хачин дургүй байсан. Төгөлдөр хуурт нь би бараг хүчээр явуулсан. Тухайн үед би бас хааяа хааяа жаахан хүч хэрэглэчихдэг “бар ээж” үе дээр явлаа шүү дээ. Түүний хөгжмийн дур сонирхол нь цаг болохоороо хожим ирсэн. Гэхдээ би яахав эхийн хувьд өөрийнхөөрөө хичээсэн, хөгжүүлэх гэж оролдсон, тэр л чухал, өөр яах билээ бид чинь.
-Та хоёр үр хүүхэддээ юу өвлүүлж үлдээмээр байна. Түүхэнд ямар үүрэг роль гүйцэтгэмээр байна?
Мишель Обама: -Би хүмүүст хэрэгтэй ямар нэг юм хийж үлдээмээр байна. Ийм ч учраас би олны дунд орж хүмүүстэй холилдож, гар барьж үгийг нь сонсохыг хичээдэг. Ялангуяа хүүхдүүдтэй. Хэн мэдэх вэ, үүнээс болж хэн нэгэн нь амьдралаа орвонгоор нь өөрчлөх ч юм бил үү? Би хоромхон зуур зогсоод хэн нэгэн бяцхан охиныг чих тавин сонсоод, ирээдүйд юу хийхийг ямар ажил мэргэжилтэй болохыг нь асууж сонирхоод, түүнд урам хайрлаж түүгээр бахархаж байгаагаа хэлээд чанга тэвэрвэл тэрээр үүнийг насан туршдаа дурсаж явах, цаашдаа өсөн дэвжихэд нь түлхэц болох ч юм бил үү гэж горьддог. Энэ бол миний зорилго, миний уриа юм. Тэргүүн хатагтай гэдэг энэ эрхэм алдар хүндийг зүгээр өнгөрөөчихмөөргүй байна.
Мерилл Стрийп: -Наадхыг чинь сонсоод дуучин Стингийн хэлж байсан зүйл санагдчихлаа. Тэрээр багадаа Английн хөлөг онгоц үйлдвэрлэдэг аж үйлдвэрийн районы нэгэн хотхонд амьдарч байхад хатан хаан Елизаветта тэдний хотод үйлдвэрийн ойн баяраар ирсэн гэнэ. Хатан хааны ирэх үйл явцад бяцхан Стинг хүү ихэд баярлан хөөрч, олон долоо хоногийн өмнөөс хэрэндээ бэлдэж, гэртээ хатан хааны зургийг хүртэл залж яаран хүлээж л дээ. Тэгээд хүсэн хүлээсэн өдөр ч болж, хатан хаан хотод нь ирээд хурсан олны дундуур бүхээггүй задгай машин дээр гараа далласаар одохыг ээжтэйгээ харж зогссон тэрээр “Би яг хатан хаан шиг ийм л гоё машин дотор ингээд хүмүүс рүү даллаад явна даа” гэж бодсон юм гэдэг.
Мишель Обама: -Гэхдээ надад тийм зорилго байхгүй л дээ.
Мерилл Стрийп: -Тэгэхээр ийм хоромхон зуурын мөч ч гэсэн хүний амьдралыг орвонгоор нь эргүүлж насан туршид нь үл мартагдах дурсамж болж, бүр хөтлөн дагуулж байна гэдэг гайхамшигтай. Миний үлдээх өвийг би өөрөө биш, бусад хүмүүс хийж өгч байна гэж би хувьдаа боддог шүү. Жишээ нь, миний шагналууд, шагналд нэр дэвшүүлэх зэргийг би өөрөө хийдэггүй, дан бусад хүмүүс шийддэг. Гэхдээ би ямар өв үлдээж юугаараа дурсагдах хүн бэ гээд бодохоор би өөрийн эрхгүй ээжийгээ л боддог юм. Надад хайртай бас миний хайртай тэр хүмүүст л тэдний амьдралынх нь нэг хэсэг байж чадсан болов уу, тэдэндээ дурсагдаж чадах болов уу гэдэг л надад хамгийн чухал, тэрүүгээрээ л би өөрийгөө өв үлдээж чадсан эсэхээ дүгнэнэ. Өвийн тухай миний ойлголт бол илүү хувийн чанартай гэх үү дээ. Миний үлдээх өв бол гадуур хүмүүсийн хүлээж авдаг тэр агуу том “Мэрил Стрийп”-тэй нэг их холбоогүй зүйл.

-Хэрвээ та хоёр нэг нь Тэргүүн хатагтай, нөгөө кино од байгаагүй бол ойр орчиндоо нөлөөлөхийн тулд юу хийж чадах вэ?
Мерилл Стрийп: -Хариуцлагатай ухаалаг хэрэглэгч болох. Би дэлгүүрээс юм худалдан авахдаа энэ авч байгаа зүйл маань байгаль дэлхий хүрээлэн буй орчинд муу нөлөөтэй вэ, Хаанахын ямар гарал үүсэлтэй эд вэ, Үйлдвэрлэж байгаа хүмүүс нь хэрхэн яаж хийсэн бол гэх мэтийн зүйлийг ихэд чухалчлан анхаардаг.
Мишель Обама: -Дуртай зүйлээ олоод түүн рүүгээ байнга тэмүүлэх. Би үүнд бат итгэдэг гэхэд болно. Жишээ нь: Мэрил Стрийп мэтийн хүчирхэг эмэгтэйчүүд яг л ингэж гарч ирсэн байгаа. Яг л түүний хэлсэн шиг үр хүүхэдтэйгээ харьцаж хамт өнгөрүүлж байгаа мөч бүхэн, бие биенийхээ төлөө хийж байгаа жижигхээн зүйл ч ирээдүй хойчид ихээхэн өөрчлөлт авчрах том зүйл болохыг үгүйсгэх аргагүй. Амьдарч буй нийгэм хүрээлэлдээ бидний хийж байгаа жижиг сажиг зүйл маань Мэрилийн дэлгэцэн дээр урлан бий болгож буй дүр, миний арай илүү өргөн хүрээгээр хийх гэж ядаж буй ажил бүгд адил бусдын төлөө хийж буй миний чадах зүйл билээ. Хүүхдүүд маань “Ээжээ та биеэ бод, өөрийгөө арчил асар” гэдэг шиг.
Францын “Femme majuscule” сэтгүүлээс орчуулав.






| Мишель Обама: Хүмүүс надаас “Хилари Клинтоны адил Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү” гэж их асуудаг | ||
| Үзсэн: 11686 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.