Шууд Chart

Хошин урлагийн жүжигчин Гватемалын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2015-10-26 15:42:23

Өнгөрсөн сарын 6-нд Гватемалд болсон Ерөнхийлөгчийн эхний шатны сонгуулиар аль ч нэр дэвшигч 50-аас дээш хувийн саналыг авч чадаагүй учраас өчигдөр тус улсад хоёр дахь шатны сонгуулийг зохион байгуулжээ. Сонгуулийн дүнгээр улс төрийн тавцанд ямар ч туршлагагүй гэгдэж байгаа хошин шогийн жүжигчин Жимми Моралес ялалт байгуулсан байна.

Өдгөө 46 настай Жимми Моралес өмнө нь санамсаргүй Ерөнхийлөгч болсон үхэрчин залуугийн дүрийг дэлгэцнээ мөнхөлж байжээ. Дэлгэцийн дүрээ амьдралд буулгах боломж олдсон Моралес энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө илт давуу тэргүүлэн, нийт 72 гаруй хувийн саналаар ялалт байгуулжээ.

Гватемалын өмнөх Ерөнхийлөгч Отто Перес Молина авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдож өнгөрсөн сард төрийн тэргүүний албан үүргээсээ огцорч, одоо цэргийн шоронд хоригдож байгаа юм. Харин түүний халааг ийнхүү улс төрд огт туршлагагүй, хошин шогийн жүжигчин залгамжлан авсан нь Гватемалчуудын улс төрчиддөө хүлээлгэх итгэл бараг үгүй болсныг тод харууллаа хэмээн ажиглагчид үзэж байна. Сонгуульд санал өгсөн иргэдийн ирц тун бага байсан нь ч энэ таамгийг улам баталгаажуулж байна.

Энэ удаагийн сонгуульд түүний эсрэг Гватемалын тэргүүн хатагтай асан Сандра Торрес өрсөлдсөн юм байна. Ялалт байгуулсан Моралес ердөө 6 хуудас мөрийн хөтөлбөр гаргасан учраас ямар бодлого баримтлах нь бүрэн тодорхойгүй байна. Гэхдээ мөрийн хөтөлбөрт нь үндэслэн дүгнэвэл тэрбээр татварыг багасгаж, Засгийн газрын оролцоог бууруулах бодлого хэрэгжүүлэх төлөвтэй байгаа юм байна.


Хошин урлагийн жүжигчин Гватемалын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй