Шууд Chart

Албан бус тэргүүн хатагтай Алина Кабаева өнөөдөр 33 нас хүрлээ

2016-05-12 15:21:39

Алина Маратовна Кабаева 1983 оны тавдугаар сарын 12-ны энэ өдөр Узбекистаны нийслэл Ташкент хотод төржээ. Эцэг Марат Вазыхович Кабаев нь татар үндэстэн, мэргэжлийн хөл бөмбөгчин байжээ. Тэрбээр 1980-1986 онд “Пахтокор” багийн бүрэлдэхүүнд багтан ЗХУ-ын АШТ-д хүч үзэж, 1993 онд Павлодарын “Трактор” багийн бүрэлдэхүүнд багтан Казахстаны АШТ-д түрүүлж байв. Эх Любовь Михайловна нь орос үндэстэн, Узбекистаны сагсан бөмбөгийн шигшээ багийн тоглогч байсан аж.

Алина 1995 онд 12 настай байхдаа анх Ирина Винерийн удирдлагад уран сайхны гимнастикаар хичээллэх болсон бөгөөд тамирчин байх хугацаандаа ДАШТ-ий ес, Олимпийн нэг удаагийн алтан медалийг зүүжээ.  Тэрбээр 2000 оны олимпид багийн анддаа ялагдан хүрэл зүүж, 2004 онд Афинаас алтан медаль хүртсэн байдаг. Дээрх хугацаанд дэлхийн дэвжээнд босоо байсан түүнийг 2008 оны Бээжингийн олимпид оролцоно гэж таамаглаж байсан ч тэрбээр 2007 онд зодог тайлсан билээ.

Энэ үеэс дараагийнхаа ажил болох улс төрд ханцуй шамлан зүтгэсэн. Алина 2001 онд Нэгдмэл орос намын гишүүн болжээ. Улмаар зодог тайлахаасаа ч өмнө 2005 онд “ЮКОС”-ын босс асан М.Ходорковскийд ял оноосныг эсэргүүцсэн захидал бичиж, олон нийтэд анх улстөрч болох мессежээ өгсөн байдаг. Тэр жилээ ОХУ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүнээс сонгогдож, 2007 он хүртэл ажиллажээ. 2007 онд тэрбээр манай УИХ-тай дүйцэх ОХУ-ын Төрийн ДУМ-ын гишүүн болсон. 2008 онд «Национальная Медиа Группа» төрийн өмчит компанийн даргаар сонгогджээ.  

Гэвч энэ бүх амжилт юу ч биш байсан юм. Алина жинхэнэ утгаараа “од” болсон үе бол 2008 оны дөрөвдүгээр сар. Дээр дурдсан «Московский корреспондент» сонины дугаарт В.Путин А.Кабаеватай гэрлэх гэж байгаа гэсэн мэдээлэл гарч, дэлхий даяар шуугиан тарьсан билээ. Энэ бол маргаангүй, дэлхийн хэмжээний шуугиант материал байсан юм.

Харин одоо бол тэр ОХУ-ын Ерөнхийлөгчийн найз бүсгүй болсон бөгөөд албан ёсных болох эсэх нь зөвхөн В.Путины хүслээс хамаарах асуудал болжээ. Хэвлэлүүд түүнийг 2009 онд ДУМ дахь “од” гишүүдийн дундаас хамгийн их орлого олсон төрийн түшээгээр тодруулж байсан. Тэрбээр ХОМ-дээ 12.9 сая рубль олсон гэж мэдүүлжээ. 

2010 онд тэрбээр ДУМ-ын хуралдааныг хамгийн их тасалдаг гишүүдийн жагсаалтад оржээ. Тэрбээр Барбара Фаерын найруулсан “Берлус Путин” жүжигт дүр бүтээсэн байна. Мөн “Огонёк” сэтгүүлээс тодруулсан “2014 оны ОХУ-ын хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэй”-н жагсаалтад наймдугаарт бичигджээ.


Албан бус тэргүүн хатагтай Алина Кабаева өнөөдөр 33 нас хүрлээ  
Үзсэн: 3010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй