Вьетнам улсад албан ёсны айлчлал хийсэн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Вьетнамын талд тавьсан зэвсэг нийлүүлэлтийн хоригоо бүрэн цуцлахаар шийдсэн болохоо зарласан нь олон улсын анхаарлыг зүй ёсоор татаад байна. Тэгвэл үүнтэй холбогдуулан АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эштон Картер албан ёсны мэдэгдэл хийлээ.
Тэрээр Коннектикут мужид ажиллаж байхдаа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд тус улсын хувьд Вьетнамтай эхний ээлжинд тэнгисийн цэргийн салбарт хамтран ажиллах хэрэгтэй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Пентагоны тэргүүлэгч өөрийн энэ шийдвэрээ Хятадын эсрэг чиглэсэн ямар нэгэн утга санаа агуулаагүй гэдгийг тодотгосон боловч сүүлийн үед Хятад улсын Өмнөд Хятадын тэнгист баримталж буй цэргийн түрэмгий бодлого тэднийг тэнгисийн цэргийн салбарт илүү анхаарахад хүргэсэн болохыг нуугаагүй байна.
Хятад-Вьетнам улсын хувьд Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргаантай арлуудын улмаас сүүлийн үед багагүй түнжин хагараад байгаа. Тиймээс өөрийн тэнгисийн цэргийн хүчээ зузаатгах сонирхол Вьетнам улсад байгаа бол АНУ-д өөрийн Зүүн өмнөд Ази дахь холбоотны тоог нэгээр нэмэгдүүлэх хүсэлтэй байгааг үгүйсгэх аргагүй. Ерөнхийлөгч Барак Обама ийм зорилгоор Вьетнам улсад айлчилсан байж болзошгүй талаар цөөнгүй ажиглагчид сануулсан. Америк, Вьетнам хоёр улс батлан хамгаалахын салбарт бүх талаар хамтран ажиллах боломж эрх зүйн хувьд баталгаажсанаар Эштон Картер сайдын мэдэгдсэний дагуу эхний ээлжинд тэнгисийн цэргийн салбараар эхлэх бололтой.
О.Хатанбаатар
| АНУ Вьетнам улстай тэнгисийн цэргийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байна | ||
| Үзсэн: 1695 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.