Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан Хойд Африк болон Ойрхи Дорнодоос Европ тивийг зорих цагаач, дүрвэгчийн тоо эрс нэмэгдсэн. Энэ үйл явдалтай холбогдуулан Европын холбоо өөрийн усан хилийн хамгаалалтаа эрс чангатгаад байгаа юм.
Мягмар гарагт Газар дундын тэнгист өөрийн усан хилийн бүрэн бүтэн байдлыг шалгаж явсан Италийн эргийн хамгаалалтын албаныхан олон тооны дүрвэгчид суулгасан завьтай тааралдсан байна. Тэднийг ойртон очиход завь живж байгаа нь тодорхой болсон тул яаралтай аврах ажиллагааг эхлүүлжээ. Эргүүлийн хөлөг эргээс нэмэлт хүч дуудан нийт 15 хөлөг онгоц оролцсон аврах ажиллагааны үр дүнд 2000 гаруй дүрвэгчийн амь насыг аварч чадсан болохоо Италийн тэнгисийн цэргийн хүчин мэдэгдлээ.

Гэхдээ аврах ажиллагаанд Италиас гадна Мальтын эргийн хамгаалалтынхан оролцсон гэдгийг цохон тэмдэглээд туслалцаа үзүүлсэнд нь талархал илэрхийлсэн байна. Одоо аврагдсан дүрвэгчдэд анхан шатны туслалцаа үзүүлж байгаа бөгөөд удахгүй эх оронд нь буцаан хүргэх арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм. Европ тивийн хувьд ойрын хоёр жилийн хугацаанд дүрвэгч, цагаачдын хөлд дарагдаад байгаа тул өөрсдийнх нь амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа дүрвэгчдийн урсгалд уугуул иргэд таагүй хандаж буй юм.

Хэрвээ Европын холбоо энэ асуудлаар доривтой арга хэмжээ авч эхлэхгүй бол удахгүй тус холбооноос гарах хүсэлтээ тавьж магадгүй улс орнууд гарч ирэх өндөр магадлалтай байна. Сар хүрэхгүй хугацааны дараа Их Британид Европын холбоонд үлдэх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга болох гэж байгаа юм. Их Британи Европын холбооноос гарвал энэ нь тус холбооны задралын эхлэл байж болохыг зарим судлаач сануулаад байна.
О.Хатанбаатар
| Италийн эргийн хамгаалалтынхан 2000 гаруй дүрвэгчийг аварлаа | ||
| Үзсэн: 994 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.