Шведийн судалгааны хүрээлэнгийн гаргасан тайлангаас үзэхэд дэлхийг цөмийн зэвсгээс ангижруулах ажилд төдийлөн ахиц гарахгүй байна. Өнөөдөр Стокгольм дахь Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн энэ асуудлаарх тайлангаа нийтэллээ. Тайланд дурдсанаар, энэ оны нэгдүгээр сарын байдлаар дэлхий даяар 15.400 орчим цөмийн цэнэгт хошуу байсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс ердөө 450 гаруйгаар хорогдсон үзүүлэлт бөгөөд тайлангийн шинжээчид цөмийн зэвсгийг халах ажил удаашралтай байгааг олон улсад анхаарууллаа.
Та бүхэнд сануулахад, дэлхийн нийт цөмийн цэнэгт хошууны 90 гаруй хувийг АНУ, ОХУ дангаар эзэмшдэг. Тус хоёр улс цөмийн зэвсгээ шинэчилж байгаа тухай Стокгольмын судалгааны хүрээлэн мөн мэдээлжээ. Өнгөрсөн сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Японд “Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ атомын бөмбөгөнд сүйдсэн түүхтэй Хирошима хотод айлчилж, дэлхийг цөмийн зэвсгээс ангижруулахыг зорьж ажиллана гэдгээ зарласан юм.
Гэвч Стокгольм дахь Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн тайлангаас үзэхэд, АНУ ирэх 30 жилд цөмийн зэвсгийн хүчин чадавхиа нэмэгдүүлэхийн тулд 935 тэрбум америк доллар төсөвлөсөн байна. Обамагийн амлалт бодит байдал дээр ийнхүү хэрэгжихгүй байгааг Стокгольмийн хүрээлэн санууллаа.
Үүнээс гадна Хятад улс ч цөмийн хүчин чадавхиа аажмаар нэмэгдүүлж байгаа талаар тус хүрээлэн анхааруулж байна. Мөн Энэтхэг, Пакистаны цөмийн чадавх ч жил ирэх бүр нэмэгдэж буй юм байна. Харин Умард Солонгосын хувьд 10 орчим цөмийн цэнэгт толгой хийхэд хүрэлцэхүйц цөмийн материалтай гэж Стокгольм дахь олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн тооцоолжээ.
| Дэлхийг цөмийн зэвсгээс ангижруулах ажилд ахиц гарахгүй байна | ||
| Үзсэн: 584 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.