Говь-Алтай аймгийн засаг даргын захирамжаар байгалийн нөөц баялагийг хууль бусаар ашиглах явдлыг таслан зогсоох, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх сурталчилгааг тогтмол иргэдэд хүргэх, мэдээллэх зорилготой "Хавхгүй Алтай" аяныг үргэлжлүүлж эргүүл хяналт шалгалтыг эрчимжүүлэх ажлыг холбогдох газруудын болон бүх шатны дарга, байгаль хамгаалагч нарт үүрэг болголоо.
Манай Улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Тэр дундаа Говь-Алтай аймгийн зургаан сум тахлын голомттой бүс нутагт багтдаг.
Энэ сард аймгийн Төгрөг суманд тарваган тахал өвчин гарч эрдэнэт хүний амь эрсдсэн бол 16-нд мөн аймгийн Эрдэнэ суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж шинжилгээний хариу эцэслэн гаргаагүй байна.
Говь-Алтай аймгийн зоонозын өвчин судлалын төв нь тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт шинжилгээг Говь-Алтай аймгийн Бугат, Төгрөг сумын Монгол-Алтайн дэрэлгүүн, Сутай-Даривын цурав, Сутай Даривын өр голомтын идэвхжил үзэж, төлөв байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, агуулагч дамжуулагчдын тоошил гаргах, нутгийн ард иргэдэд зоонозын халдварт өвчин шинэ болон дахин сэргэж байгаа халдваруудаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаа болон тархвар судлалын шинжилгээг хийж гүйцэтгэжээ.
Тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан “Хавхгүй Алтай” аяныг үргэлжлүүлж, эргүүл хяналт шалгалтыг эрчимжүүлэх ажлыг холбогдох албаны төлөөлөлд аймгийн засаг дарга үүрэг болгоод байна.
Тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.
“Хавхгүй Алтай” аяныг аймагтаа зохион байгуулж 460 орчим хавхыг хууль бус агнуураас урьдчилан сэргийлэх таслан зогсоох ажлын хүрээнд хураан авч түүний бэлдэц төмрөөр агнуурт өртдөг ховор нэн ховор амьтдын дүрс бүхий баримал урлалыг нутгийн төмөр хийц барималын уран дархан залуучуудаар хийлгэн олон нийтэд сурталчлан ажилласан байдаг.
Сонирхуулахад, нэг хавханд жилд дунджаар 10 амьтан өртдөг судалгаа байдаг бөгөөд ихэвчлэн хамгийн дорой, өвчтэй байгалийн голомтот халдварт тахал тарааж болзошгүй тарвага, зурам зэрэг амьтан агнагддаг болох нь тогтоогджээ.
Иймд зэрлэг амьтны гаралтай халдварт өвчлөл ялангуяа тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.
| "Хавхгүй Алтай" аян үргэлжлэн явагдаж байна | ||
| Үзсэн: 579 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.