Америкийн Жон Хопкинсийн их сургуулийн тооцооллоор дэлхий дахины хэмжээнд шинэ коронавирусний халдвар авагсдын тоо 15 саяыг даваад байна. Улс орнууд хөл хориогоо сулруулах алхмыг яаран авсан нь цар тахлын халдвар эрчимтэй хүрээгээ тэлэхэд нөлөө үзүүлсэн гэдгийг зарим олон улсын хэвлэл онцолжээ.
Олон улсын хэмжээнд "COVID-19"-ийн халдварын батлагдсан тохиолдол 15 016 440 -д хүрсэн бол нас барагсдын нийт тоо 610 мянга болоод байгаа талаар Жон Хопкинсийн Их сургууль мэдээлжээ. Хятадын Ухань хотод шинэ төрлийн коронавирусний халдвар бүртгэгдсэн талаар ДЭМБ нэгдүгээр сарын 14-нд албан ёсоор зарлаж байсан юм.
Энэ үйл явдлаас хойш 4 сарын дараа буюу 5 дугаар сарын 21 -нд дэлхий дахины хэмжээн дэх халдвар авагсдын тоо 5 саяд хүрсэн юм. Харин хоёр сар орчмын хугацаанд халдварын тохиолдол 2 дахин нэмэгдэж, 6 дугаар сарын 28-ний байдлаар 10 сая хүн энэ вирусээр өвчилсөн юм. Үүнээс хойш тархалт улам бүр хүрээгээ тэлсээр дэлхий дахины хэмжээн дэх халдварын батлагдсан тохиолдол 15 саяыг ийнхүү даваад байна.
Олон улсын хэмжээнд нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын оргил үе 7 дугаар сарын 16 нд тохиосон юм. Тус өдөр дэлхий дахины хэмжээнд 250 мянга гаруй халдварын тохиолдол илэрч, шинэ дээд хэмжээнд хүрсэн юм. АНУ, Бразил тэргүүтэй олон оронд хөл хориогоо цаг нь болоогүй байхад яаран сулруулсан нь халдварын тохиолдол дахин нэмэгдэхэд нөлөө үзүүлсэн нэг хүчин зүйл гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ. ДЭМБ-ын тэргүүн “олон орон буруу зүгт явж буйг” анхааруулж, засгийн газрууд "COVID-19"- ын тархалтын эсрэг цогц арга хэмжээг авахгүй бол нөхцөл байдал улам бүр муудахаар байгааг хэлсэн байна.
| “COVID-19”- ийн халдвар авагсдын тоо 15 саяыг давлаа | ||
| Үзсэн: 654 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.