Беларусь улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн дүр дүнг эсэргүүцсэн жагсаал, тэмцэл өрнөсөөр байна. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнийг зогоосохын тулд хүч хэрэглэх байдал ажиглагдаж байна. Үүнээс үүдэн Европын холбоо Беларусь улсын зарим төрийн өндөр албан тушаалтны эсрэг хориг тавих шийдвэрт хүрээд байна.
Тайван замаар жагсаал, цуглаан хийж буй иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн болон сонгуулийн залилантай холбоотойгоор Беларусийн зарим эрх мэдэлтнүүдийн эсрэг хориг тавих улс төрийн шийдвэрийг Европын холбооны 27 орны Гадаад хэргийн сайд нар гаргасан байна.
Европын Гадаад хэргийн сайд нар энэхүү хар жагсаалтыг бэлтгэн гаргах үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгчээ. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн нэр энэхүү хар жагсаалтад багтах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Тус улсын сонгуулийн төв хорооноос мэдээлснээр Александр Лукашенко 80 хувийн саналыг авсан бол сөрөг хүчний гол өрсөлдөгч Светлана Тихановскаяийг 10 хувийн дэмжлэг авсан гэж үзэж байгаа юм. Литва улсад дүрвэн очоод байгаа Светлана Тихановская баасан гарагт видео мессежийг цахим хуудсандаа байршуулсан байна.
Энэхүү мессежээр дамжуулан тэрбээр санал хураалтын хуудсыг үнэн зөвөөр тоолсон тохиолдолд 60-70 хувийн саналыг авахаар байсан гэдгээ хэлжээ. Үүнд үндэслэн тэрбээр сонгуульд ялалт байгуулсан гэдгээ зарлаад байна. Тэрбээр мөн дэмжигчдэдээ хандан жагсаал, тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалжээ.
| Европын холбоо Беларусийн зарим албан тушаалтны эсрэг хориг тавихаар зэхэж байна | ||
| Үзсэн: 1131 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.