Шууд Chart

“Сонгодог зоогийн нэвтэрхий толь” бүтээл Монголын хоол үйлдвэрлэлийн салбарын чанар, стандартыг дэлхийн жишигт хүргэхэд хувь нэмэр болно

2020-09-10 11:05:47

1938 онд анх Франц улсад зохиогдсон Сонгодог зоогийн нэвтэрхий толь бүтээл нь хоолны түүх, дэлхийн орнуудын уламжлалт зоог, хоол үйлдвэрлэлийн салбарын бүхий л технологи, арга барил гээд нийт 4000 орчим нэршлийн дэлгэрэнгүй тайлбартай, 1200 гаруй өнгөт болон хар, цагаан зурагтай дэлхийн хамгийн том хоол хүнсний нэвтэрхий толь юм. Анх хэвлэгдсэнээс хойш 82 жилийн туршид орчин үеийн шинэлэг технологи, зоогийн жор зэргээр үргэлж баяжиж ирсэн хүн төрөлхтний үнэт өв юм гэж дэлхийн орнуудын судлаачид үнэлдэг байна. Энэ бүтээлийг Монголын Кулинарын холбоо, Сонгодог зоогийн нэвтэрхий толь ТББ хамтран Монголын хоол үйлдвэрлэлийн салбарын стандарт, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор 30 гаруй судлаачийг оролцуулан Монгол хэлнээ орчууллаа. Ингэснээр номыг орчуулсан дэлхийн 10 дахь орон болж байна.

Энэ төслийг Монголын кулинарын холбооны тэргүүн, Монгол улсын үйлчилгээний гавьяат ажилтан Н.Хандсүрэн анх санаачилжээ. Тэрээр хэлэхдээ “Олон улсын тэргүүн туршлагыг Монголын тогооч нарын гарт атгуулах, хоолны хордлого, өвчингүй байхаас эхлээд хамгийн сайн гэсэн бүхий л соёл, стандартыг нутагшуулах үйлсэд хувь нэмэр болох үүднээс Монголын Кулинарын холбоо нийгмийн сайн сайхны тусын тулд ашгийн бус хэлбэрээр энэхүү нэвтэрхий толийг Монгол хэлнээ хөрвүүллээ” хэмээн тайлбарласан юм.

Нийтийн хоолны салбарт стандарт хамгийн чухал. Тухайлбал нийтийн хоолны чанар, стандарт өндөр түвшинд буй улс орнуудад ресторан, зоогийн газруудаар дамжин коронавирус тархах эрсдэл хамгийн бага байгааг судлаачид хэлж байна. Монгол улсын засгийн газраас 2019-2023 онд “Эрүүл хүнс, Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бидэнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд дэлхийн стандарт, шалгарсан арга барилыг нутагшуулах нь хамгийн чухал. Мөн олон нийтийг соёлтой хэрэглээнд уриалах, хүнсний аюулгүй байдлыг хангахад “Сонгодог хоолны нэвтэрхий толь” бүтээл чухал ач холбогдолтой гэж Монголын үндэсний төв номын сангийн захирал Б.Ичинхорлоо тэмдэглэсэн юм.

Дэлхийн олон орны тогооч нарын ширээний ном, библи гэж яригддаг “Сонгодог хоолны нэвтэрхий толь” бүтээл 5 кг жинтэй, 1500 гаруй хуудастай энэ салбарын хамгийн том нэвтэрхий толь юм. Энэ номыг өмнө нь Герман, Орос, канад, Нидерланд, Англи, Испани, Япон, Итали, Швед зэрэг оронд хэвлэгдсэн байна. Монгол улсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт нийтдээ 8500 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 2020 оны эхний улиралд энэ салбарын орлого 208 тэрбум төгрөг хүрчээ. Жил ирэх тусам хоол үйлдвэрлэлийн салбар өргөжин тэлж байна. Тэгвэл энэ салбарт дэлхийн стандартыг нийт зоогийн газар, ресторан, сургуулиудын хоолны газруудад нэвтрүүлэх, чанарыг дээшлүүлэх зорилгоор манай судлаачид Дэлхийн Сонгодог зоогийн нэвтэрхий толь бүтээлийг Монгол хэлнээ орчуулжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Сонгодог зоогийн нэвтэрхий толь” бүтээл Монголын хоол үйлдвэрлэлийн салбарын чанар, стандартыг дэлхийн жишигт хүргэхэд хувь нэмэр болно  
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй