Дэлхийн олон оронд цар тахлын хоёр дахь давлагаа эхэлж магадгүй нөхцөл байдал бүрдээд байгаа мэдээллийг хүргэлээ. "COVID-19"-nayн халдварын тохиолдол нэмэгдэж байгаа орнуудад дахин хөл хорио тогтоож магадгүй байна. Харин Япон улсад үйл явдал эсрэгээр өрнөж байна. Тус улсын эрх баригчид эдийн засаг, нийгмийн амьдралыг улам бүр идэвхжүүлэх шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр шийдээд байгаа аж.
Японы засгийн газрын албаныхан болон эрүүл мэндийн шинжээчид баасан гарагт уулзалт хийж, шинэ коронавирусний эсрэг стратегийг хэлэлцлээ. Энэ үеэр эрх баригчид мөнгөний зарцуулалт, эргэлтийг түргэсгэх талаарх шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрчээ. Эдийн Засгийн Шинэчлэлийн сайд Нишимура Ясутоши 10 дугаар сарын дунд үеэс хоёр ч шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг хэлжээ.
Үүний нэг болох “Go To Event” кампанит ажил үзвэр үйлчилгээний газруудын бизнесийг дэмжих, эдгээр газраар үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд иргэд музей, концерт болон спортын арга хэмжээний тасалбарыг 20 хувийн хөнгөлттэй үнээр худалдан авах боломж бүрдэнэ. Өөр нэгэн кампанит ажил болох "Go To Shopping Street" нь худалдан авагчдын тоог нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг арга хэмжээ, баяр ёслолыг зохион байгуулагчдыг дэмжихэд чиглэгджээ. Томоохон худалдааны дүүргүүд төрөөс татаас авах боломж бүрдэж байна гэсэн үг юм.
Үүнээс гадна Японы засгийн газар дотоодын аяллыг дэмжих "Go To Travel" хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлэхээр болжээ. Энэ хөтөлбөрийн ачаар иргэд дотооддоо илүү хямд зараалаар аялах боломж бүрдээд байна. Тус аянд Токио хот саяхан нэгдсэнээр Японы бүх бүс нутгийг хамарч байна. Мөн тус улсын засгийн газар гаднын орны иргэдийг хилээрээ нэвтрүүлэх асуудалд ч уян хатан хандаж эхлээд байна. Ирэх сараас тус улс зарим гадаадын орны иргэдийг хилээрээ нэвтрүүлнэ гэдгээ дуулгасан юм. Японд урт болон дунд хугацаагаар оршин суух эрхтэй эрүүл мэндийн ажилчид болон оюутнуудыг юун түрүүнд нэвтрүүлэх юм.
| Япон улс эдийн засгийг сэргээх шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ | ||
| Үзсэн: 424 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.