Шууд Chart

Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нар зуучлагчидтай уулзалт хийнэ

2020-10-08 13:45:49

Армени болон Азербайжан улсын хооронд газар нутгийн маргаанаас үүдэлтэй зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 10 гаруй хоног болж байна. Энэ хугацаанд талуудын зөрчилдөөн улам бүр хурцдаад байгаа юм. Гэхдээ Армени болон Азербайжаны Гадаад хэргийн сайд нар яриа хэлэлцээрт зуучлахыг эрмэлзэж буй орнуудын төлөөлөгчтэй тусдаа уулзалт хийхээр болсон байна.

АНУ, ОХУ болон Франц улс Армени, Азербайжаны хооронд зуучлагчаар ажиллахаар болоод байна. Тэгвэл дээрх зуучлагч орнуудтай Армени болон Азербайжаны Гадаад хэргийн сайд нар тус тусдаа уулзалт хийхээр болсон байна. Азербайжаны Гадаад хэргийн сайд зуучлагч гурван улсын төлөөлөлтэй Женев хотод пүрэв гарагт уулзалт хийж, байр сууриа илэрхийлнэ.

Энэ хооронд Армений Гадаад хэргийн сайд даваа гарагт Москва хотыг зорьж, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахаар төлөвлөж байна. Турк улсын дэмжлэгийг аваад байгаа Азербайжан улс маргаантай бүсээс цэргээ гаргахыг Армений талаас шаардаж байгаа юм. Мөн Азербайжан энхийн яриа хэлэлцээрт Туркийг оролцуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Харин Армени улсын тухайд Уулын карабахын автономит байдалд аливаа өөрчлөлт оруулахыг хүчтэй эсэргүүцэж байна. Өвөр Кавказын орнууд болох Армени болон Азербайжан улсууд “Уулын Карабах” гэх бүс нутгийг олон жилийн турш булаалдаж байгаа. ЗХУ-ын үед Азербайжанд харьяалагдаж байсан энэ бүс нутгийн иргэдийн ихэнх нь Арменчууд юм. Дээрх бүс нутгийн төлөөх зэвсэгт мөргөлдөөн есдүгээр сарын 27-нд эхэлж, олон зуун цэрэг, энгийн иргэн амиа алдаад байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд нар зуучлагчидтай уулзалт хийнэ   
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй