Шууд Chart

Өвөрхангай аймгийн аюулгүйн нөөцөд 900 тонн өвс бэлтгэхээр ажиллаж байна

2020-10-27 14:17:02

Өвөрхангай аймгийн малчид дотоодоосоо хадлан бэлтгэх боломжгүй учир зүүн аймгаас өвс худалдаж авч байна.

Тус аймаг өмнөх жилүүдэд өвлийг өнөтэй давхад зориулж 250 орчим тонн өвс бэлтгэдэг байсан. Харин энэ жил өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул Засгийн газрын 19 дүгээр тогтоолын дагуу өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай болж, 900 тонн өвс аюулгүйн нөөцөд бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэ жил Өвөрхангай аймгийн нийт нутгийн 90 гаруй хувьд зуншлага тааруу гантай байсан. Аймгийн хэмжээнд нийт 4,5 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарчээ. Өнөөдрийн байдлаар говийн зургаан сумын малчид дотооддоо намаржиж, өвөлжих боломжгүй болж отор нүүдэл хийж байгаа юм. Цаашлаад цас их орвол хангайн сумдад ч өвөлжилт хүндрэх төлөвтэй байна. Аймгаас өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажилд онцгой анхаарал хандуулан аймгийн нөөцөд 900 тонн, сум тус бүр 200 тонн өвсийг аюулгүйн нөөцдөө бүрдүүлэхээр ажиллаж байна.

Гэхдээ өнгөрөгч жилтэй харьцуулахад өвсний үнэ 30 гаруй хувиар нэмэгдсэнээс гадна малчид гар дээрээ бэлэн мөнгөгүй худалдан авалт ч харьцангуй мууджээ.

Мөн зарим бизнес эрхлэгчид зүүн аймгаас өвс их хэмжээгээр татаж байгаа ч одоогоор худалдан борлуулахгүй хавар зарахаар нөөцөлжээ. Харин малчдын тухайд энэ жил малаа их хэмжээгээр борлуулж аймгийн хэмжээнд 1,5 сая толгой мал зах зээлд борлуулагдах төлөвтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Өвөрхангай аймгийн аюулгүйн нөөцөд 900 тонн өвс бэлтгэхээр ажиллаж байна  
Үзсэн: 698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй