Шууд Chart

Булга коронавирусээр халдварласан тохиолдол зургаан улсад бүртгэгджээ

2020-11-10 11:03:10

Дани улсад өнгөрсөн 7 хоногт мутацид орсон коронавирусний шинэ төрөл булганаас илэрснийг зарласан. Данид өнгөрсөн 6 дугаар сараас хойш 200 гаруй хүн булга үржүүлгийн фермээс мутацид орсон коронавирусний халдвар авсан нь тогтоогджээ. Иймд Данийн засаг захиргаа 1139 фермд тархсан халдварыг зогсоохын тулд үржүүлгийн фермийн 17 сая булгыг нядлахаар шийдвэрлэсэн. Дани нь булганы арьс нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг юм байна.

Данийн эрдэмтэд хүн болон амьтны хооронд халдвар тархах үед вирус генетикийн өөрчлөлтөд орох боломжтой, мутацид орсноор вакцины үр нөлөөг бууруулах эрсдэлтэйг анхааруулжээ. Данид хөхтөн амьтнаас коронавирусний мутацид орсон шинэ төрөл илэрсэнтэй холбогдуулан Британийн эрдэмтэд дээж авч шинжлэхээр Данийн талтай ярьж байгаа юм байна.

Гэтэл үржүүлгийн фермийн булга коронавирусээр халдварласан тохиолдол дэлхийн зургаан улсад бүртгэгдсэн тухай ДЭМБ-аас мэдээллээ. Тодруулбал, Даниас гадна Нидерланд, Испани, Швед, Итали, АНУ-д үржүүлгийн фермийн булганаас коронавирус илэрсэн тухай олон улсын мал амьтны эрүүл ахуйн байгууллагад мэдэгджээ.

Олон улсын эрдэмтэд коронавирусний мутацид орсон шинэ хэлбэр үржүүлгийн фермийн булганаас илэрсэн нь олон нийтийн эрүүл мэндэд эрсдэлтэй гэж үзэхийн зэрэгцээ сүүлийн туршилт нь хийгдэж байгаа коронавирусний вакцины хүний биед үзүүлэх үр нөлөөг бууруулах магадлалыг маш сайн судлах шаардлагатай гэж үзэж байна. Мөн дээрх зургаан улсын засаг захиргаа булга үржүүлгийн фермерүүдийнхээ нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, зохих шийдвэрийг эрт гаргах нь чухал гэж эрүүл мэндийн салбарынхан зөвлөжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Булга коронавирусээр халдварласан тохиолдол зургаан улсад бүртгэгджээ   
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй