АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Жозеф Байден CNN агентлагт ярилцлага өгөх үеэр цар тахлын эсрэг хэрхэн тэмцэхээр төлөвлөж байгаа талаарх өөрийн байр сууриа илэрхийлжээ. Жозеф Байден ерөнхийлөгчийн ажлаа хүлээн авсны дараа Америкчуудыг 100 өдрийн турш амны хаалт зүүхийг уриална гэдгээ онцолсон байна.
Жозеф Байден ирэх оны 1 дүгээр сарын 20-нд ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөр Цагаан ордны тэргүүнээр ажиллаж эхэлнэ. Тэрбээр CNN-д өгсөн ярилцлагынхаа үеэр "Хэрэв Америкийн иргэн бүр амны хаалт зүүвэл коронавирусний халдварын тохиолдол огцом буурах боломжтой" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Үүнээс ч үүдэн Жое Байден ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш 100 өдрийн хугацаанд Америкчуудад амны хаалт зүүхийг уриалахаас гадна Америкийн бүхий л төрийн байгууллагуудад амны хаалт зүүх журмыг мөрдүүлнэ гэдгээ хэлсэн байна. Тэрбээр "Би олон нийтээс 100 өдрийн турш л амны хаалт зүүхийг хүснэ. Үүрд биш, 100-хан өдөр шүү дээ" гэж ярьсан байна. АНУ-д вакцинжуулалт эхлэхтэй зэрэгцэн иргэдийн амны хаалтын хэрэглээ нэмэгдсэнээр шинэ коронавирусний халдварын тохиолдол огцом буурна гэдэгт Байден итгэж байгаагаа ийнхүү илэрхийлжээ. Гэхдээ Америкийн үндсэн хуулийн шинжээчид тус улсын ерөнхийлөгч ард иргэдийг амны хаалт зүүхийг албадах хууль зүйн эрх байхгүй гэдгийг хэлж байна. Өнөөгийн ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа амны хаалт зүүхийг албадахгүй гэсэн байр суурийг баримталж ирсэн бол Жозеф Байден эсрэг байр суурийг илэрхийлж байна.
Жозеф Байден вакцины тухайд мөн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрээр ард иргэдийн дундах болгоомжлол, айдсыг арилгах үүднээс өөрөө вакцины тарилгад хамрагдана гэдгээ хэлжээ. Ер нь АНУ- ын хэд хэдэн экс ерөнхийлөгч, тухайлбал, Барак Обама, Жорж Буш болон Билл Клинтон нар олон нийтийн өмнө "Ковид-19"-ийн эсрэг туршилтын вакциныг тариулж, вакцин аюулгүй гэдгийг батлан харуулна гэдгээ хэлсэн байна. Вакцины аюулгүй байдалд эргэлзэх байдал олон нийтийн дунд ажиглагдаж байгааг Жозеф Байден хэлсэн байна. Америкийн "Пайзер" компанийн вакцин 95 хувийн үр дүнтэй байгаа бол "Модерна" компанийн коронавирусний халдвараас хамгаалах чадавх 94 хувьтай нь туршилтаар батлагдаад байгаа юм.
| Жозеф Байден: Америкчуудад 100 өдөр амны хаалт зүүхийг уриална | ||
| Үзсэн: 852 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.