Шууд Chart

Азербайжаны “ялалтын” парадад Туркийн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцов

2020-12-12 09:48:11

Өчигдөр Азербайжаны эрх баригчид Уулын Карабахын газар нутгаа Армений салан тусгаарлагчдаас буцааж авсан ялалтын баяраа тэмдэглэж, цэргийн парад хийжээ. Гурван мянга гаруй цэрэг оролцсон цэргийн парадын үеэр Азербайжаны төр Уулын Карабахын зэвсэгт тэмцэлд амь үрэгдсэн 2700 гаруй цэргийнхээ дурсгалыг хүндэтгэсэн байна.



Ялалтын баярын үйл ажиллагаанд Азербайжаны холбоотон Турк улсын ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган уригдан оролцож, цэргийн парадад Туркийн зэвсэгт хүчний алба хаагчид жагссан байна. Турк холбоотны хувиар Уулын Карабахын төлөөх зэвсэгт тэмцлийн үеэр Азербайжаны талд зогсож, хүн хүч, зэр зэвсгээр дэмжлэг үзүүлж, улс төрийн талбарт ч байр суурь нэг байж ирсэн. Энэ үүднээс Туркийн ерөнхийлөгч Азербайжаны ялалтын баярт оролцохдоо Уулын Карабахын бүс нутагт дахин салан тусгаарлах үйл ажиллагаа явуулж, энхийн гэрээг зөрчихгүй байхыг Армений талд анхааруулжээ. Харин Азербайжаны ерөнхийлөгч зөрчил тэмцлийн хүнд үед дэмжлэг үзүүлсэн Туркэд талархлаа илэрхийлжээ. Харин Арменид өчигдөр иргэд олон нийт жагсаж, ерөнхий сайдаа огцрохыг шаарджээ. Армений иргэд Арменийг ялагдлыг хүлээн зөвшөөрч, гал зогсоох гэрээнд гарын үсэг зурлаа гэж эрх баригчдаа буруутгаж байгаа юм.

Энэ 7 хоногийн эхээр Арменийн засгийн газар хөрш Азербайжан Уулын Карабахад эзлэн авсан газар нутагтаа Армени үндэстнийг устгах ажиллагаа явуулж байна гэж мөн буруутгасан байна. Нэг сарын ОХУ-ын зуучлалаар Азербайжан, Армени улсууд Уулын Карабахад гал зогсоож, гал зогсоох гэрээ байгуулсан. Ажиглагчид бүс нутгийг тогтворжуулах зорилгоор байгуулсан гал зогсоох гэрээ хэрэгжих эсэх нь Орос, Туркээс хамаарна гэж таамаглаж байгаа юм. Харин ОХУ Турк улс Азербайжантай нягт хамтран ажиллах замаар уг бүс нутагт нөлөөгөө нэмэгдүүлэхийг зорьж байна гэж болгоомжилж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Азербайжаны “ялалтын” парадад Туркийн зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн оролцов  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй