Шууд Chart

Эрээнийг биш эх орноо хөгжүүлье

2015-02-10 11:36:15

Сүүлийн үед энд тэндгүй гарсан “Монголд үйлдвэрлэв, Монгол эдлэл, Монгол цагаан идээ” гэх нэртэй үзэсгэлэнгүүдийг сонирхож явахдаа зүйрлэхийн аргагүй ихээр омогшив. Юун өнөө дэлхийн брэнд. Бид чинь дэргэдээ байгаа брэндийг дэндүү тоолгүй явсан юм биш үү. Дэлхийн брэндийг чичрүүлэх чанар хийгээд нүнжиг “үнэртсэн” бүтээгдэхүүнийг Монгол урчууд үйлдвэрлэдэг болчихож. “Болчихож” гэж дээ,  үйлдвэрлэсээр ирсэн. Түүнийг нь өнгөрөгч өдрүүдэд мэдрэв. “Чимхлүүр, чимхлүүр” зүйлсийг өөрсдийн гараар, билэг оюунаараа бүтээсэн байхад бид яагаад түүнийг нь анзаардаггүй “худлаа” л брэнд гэж хөөцөлдсөн юм бол... 

Хэчнээн ч жил Эрээний бараагаар хүмүүсийн нүүрийг тахлав. Хямдхан, сонголт ихтэйг нь гайхаад л Эрээнийг зорьж, элдэв янзын чанаргүй зүйл худалдан авч бэлэглэнэ. Түүнийх нь чанар маргааш өглөө нь л мэдэгдэж тэдний бэлэглэсэн бэлэг “уранхай, өрөөсөн, ижил буруу байсан” гэж бусдад чичлүүлнэ.

Ер нь яг одооноос буюу сар шинэ дөхсөн эдгээр өдрүүдэд ломбардныхан бэлэн мөнгө төвлөрүүлэхдээ анхаарч, банкууд зээлийн баримтаа олноор хэвлэж эхэлнэ. Монголчуудын ажлын цаг уртасч, хөдөлмөрийн бүтээмж жилийн энэ л үед эрс дээшилдэг. Эрээний зүг довтолгох галт тэрэгний өртөө бүрт зогсох “явуулын гуанз”-ныхан зарах хуушуурынхаа тоонд анхаарч суугаа нь лавтай. “Монголын Цагаан сар айсуй” гэх баярт мэдээнд маниас илүү Эрээний наймаачид баярлах цаг ирсэн болохоор арга ч үгүй. Цезарийн үед “Зам бүхэн Ромоор дайрна” гэдэг байж. Үүнтэй барьцах мэт жилийн яг л энэ үед Эрээн хотыг зорих галт тэрэгний тасалбарын наймаа рекорд тогтоотлоо өсдөг нь ердийн зүйл болж. Яг хоёр жилийн өмнө “Синьхуа” агентлагаар дараах баярт мэдээг дамжуулж байв. “Хоёрдугаар сарын гадаад худалдааны статистик үзүүлэлтээс үзвэл Эрээн боомтын экспортын хэмжээ 111 мянган тоннд хүрч өмнөх оны мөн үеэс 27 хувиар өсчээ” гэх. Энэ л манай улсын биш Эрээний экспорт нэмэгдээд, бид эх орноо биш Эрээнийг хөгжүүлж ирсний өчүүхэн нэг нотолгоо. 

Угтаа Цагаан сар бол Монголын үндэсний баяр. Гэтэл бидний баярлах сургаар гаднын наймаачдын алга загатнах нь юуных вэ. Өвөл болоод ч тэр үү, хүн болгон л Цагаан сараар дээл өмсөхийг чухалчилна. Гэтэл торго, бүс, товч тэргүүтэн нь бүгд Хятадынх. Баярын ширээгээ та бас ажаарай. Ууц, ул боов, бууз, сүүтэй цайнаас өөр үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн байдаг бил үү.

Бид үндэсний баяраараа үндэсний үйлдвэрлэлээ дэмжих талаар ярьж байна. Ууцыг үйлдвэрлэхгүй, ихэнх монгол эзэгтэй бууз чимхэх, цай хийцлэх анхан шатны мэдэгдэхүүнтэй. Хийхэд түвэгтэйгээр нь ул боовоо л бид дотоодынхоо үйлдвэрээс авдгаас биш баярын ширээний маань бусад бүх орц “Made in Сhina” гэсэн шошготой. Нийтээр нь доройтуулсан зуднаар ч, ялж ялагдаж, дайтаж явсан түүхийн ямар ч үед Цагаан сар мартагдаж байсан удаагүй. Экспорт, импорт гэдэг үгийг мэдэх ч үгүй байхдаа ууцтай, буузтай, идээтэй, ундтай элбэг дэлбэг тэмдэглэж ирсэн билээ бид. Баярын ширээн дэх шарсан тахиагаа грек салатаар хачирлаж, вискигээр цайлж, “Версачи”-ийн цүнх бэлэглэх шаардлага тэр үед байгаагүй, одоо ч байхгүй. Цагаан сар бол Монголын үндэсний баяр.

Монгол ядуу байна, цалин хүрэхгүй байна гэсэн гомдлыг бүгд адилхан тээдэг атлаа Цагаан сараар мундаг харагдах гэж яддаг хачин зуршил бидэнд бий. Хүний дор л орчихгүй юмсан гэсэндээ цалингийн зээлийг тултал нь авч, ломбардны үүдэнд эцтэлээ дугаарлана.

Ингэж олсон мөнгөө атгаад нэг бол Эрээн явна, нөгөө бол Эрээнээс ирсэн бараа авахаар “Нарантуул”-ыг зорино. Бусдаас дутуу харагдахгүй гэсэндээ алга тэнийлгэж л байвал юу ч өгсөн хамаа алга. Өрөөсөн оймс, хэнд ч хэрэггүй цамц, өмд… Бэлэг өгнө, өгөхгүй гэж бид их маргадаг л даа. Гэвч баярын гол нууц нь бэлгэндээ байдаггүй юм билээ. Ураг төрлөөрөө чуулж, ах дүүсээ мэдэлцэн, айлчин гийчнээ аль сайхнаараа дайлж цайлаад, амар мэндээ мэдэх нь л чухал. Хятад оймс, орос шүдэнз энд огтхон ч хамаагүй.

Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай их ярих болсон. Бүтэхгүй болохоор нь төр засаг руугаа дайрч “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих жил зарласан чинь яалаа” гэсэн асуултаар мад тавьж бахаа хангасан нь ч бий. Гэтэл иргэн та Эрээний бараанаас илүү эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгоход л үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэрэг шүү дээ. Хар мянгаараа Хятадын бараа солилцож байж, Монголд үйлдвэрлэл хөгжихгүй байна гэж ярих нь ч утгагүй. Бид үйлдвэрлэж, бид худалдан авч байж л үндэсний үйлдвэрлэл хөгжих биш үү. Гэвч асуудал хаана хаанаа л байна. Бүр дэлгэрүүлбэл үнэ нь хэд вэ гэдэгт л буй. Монгол бүтээгдэхүүнүүд хэт өндөр үнэтэй гэх шүүмжлэл бидний дундаас гарах нь элбэг. Энэ ч үнэн. Үндэсний үйлдвэрлэлийн өнгө чимдэг ноос, ноолуур, хивс, архи, арьс, ширэн бүтээгдэхүүний үнээс Эрээний оймс хэд дахин хямд байгаагаас л “эмзэг” хэтэвчтэй бид чинь “үндэсний үйлдвэрлэлийг дэмжих”-ээ түр хойш нь тавьдаг юм. Үндэсний үйлдвэрлэлээ өөрсдөө хөнөөдөг монгол “харакири” энэ аж.

Өнгөрсөн оноос монголчууд ОХУ руу визгүй зорчдог болсон. ОХУ-ын мөнгөн тэмдэгт рублийн ханш унаж бараа бүтээгдэхүүн хямдарсан дээр нь сар шинийн бэлтгэл базаах гэсэн монголчууд Алтанбулаг-Хиагтын хил дээр хонон, өнжин дугаарлаж байна. Нэг шөнө л 190 орчим тээврийн хэрэгсэл дугаарлан хонож буй мэдээ бий. Хоёр хөрш рүү урсгах монгол мөнгөн тэмдэгтээр дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж чадвал тов хийсэн хөрөнгө оруулалт болж чадах л учиртай сан. Хойд хөршийг зорих цуваа урд хөршийг чиглэх урсгалаас харьцангуй цөөн гэж байгаа.

Энэ жилийн хувьд ч тодорхой. Эрээн рүү зорих наймаачдын хөдөлгөөн хэдийнэ эхэлж, эхнээсээ шагийн тасалбар олдохгүй байгаа гэх сургийг та дуулсан нь лав. Үндэсний баяр шүү дээ. Баярын ширээг маань монгол бүтээгдэхүүн чимж, монгол заншлаараа Цагаан сараа тэмдэглэх учиртай. Үүний тулд эрхэм та баярын ширээгээ аль болох монголоороо засчих. Бэлэг сонгохдоо ч “Made in Mongoliа” гэснийг нь сонгоорой. Тэр цагт л Эрээний наймаачин бус, элэг нэгтний чинь магнай тэнийнэ. Тэр үед л Эрээн биш эх орон чинь хөгжинө.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Эрээнийг биш эх орноо хөгжүүлье  
Үзсэн: 8944 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2015-02-12 11:23
"Бодоход Бодын шийр 4 юм байна шүү"..............
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2015-02-10 13:04
Ih saihan niitlel bolson baina
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-02-10 12:37
ЭРЭЭНИЙ ЧАНАРГҮЙ БАРААНД МӨНГӨӨ ҮРЭХ ХЭРЭГГҮЙ
27.33.13.xxx [27.33.13.xxx] 2015-02-10 11:49
Suuliin uyeiin Mongol hel ugnii medleg yadmag setguulchdiig bodvol uuriin chini niitlel ug utgiin aldaagui utga tuguldur bichsen baina. Tsaashid ulam saihan utga tuguldur niitlel bichij uhaan munhag mongol helnii medleg nimgen setguulch ner zuusen nuhudduu ulger jishee uzuuleerei.
27.33.13.xxx [27.33.13.xxx] 2015-02-10 11:45
Shinetuya uuruun chini niitlel mash ih taalagdaj baina. Tsaashid ulam heregtei sain niitlel bicheerei. Ajiliin undur amjilt

Бидэнтэй нэгдээрэй