Шууд Chart

Умард Солонгост коронавирусний анхны сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлжээ

2020-07-28 09:26:49

07-р сарын 19-нд Өмнөд Солонгосоос хууль бусаар дүрвэн орж ирсэн эрэгтэйгээс шинэ коронавирусний халдвар илэрсэн гэх мэдээлэл Умард Солонгост гараад байна. Үүнээс ч үүдэн Умард Солонгост ард иргэдийг хөл хорионы дэглэмийг үг дуугүй даган мөрдөж, амны хаалт зүүн, гараа ариутгаж, сэрэмжтэй байхыг анхааруулаад байна. Гурван жилийн өмнө Ардчилсан Солонгосоос зугтсан 24 настай эрэгтэй өнгөрсөн долоо хоногт эх орон уруугаа буцан дүрвэж, Өмнөд Солонгосын хилээс холгүй байрлах Умардын Кэсон хотод очжээ.  

Ийнхүү Умард Солонгост коронвирусний анхны сэжигтэй тохиолдол илэрч, Кэсон хотод хөл хорио тогтоожээ. Саяхныг хүртэл Умард Солонгост шинэ коронавирусний халдвар бүртгэгдээгүй талаар тус улсын хэвлэл дамжуулж байгаа ч энэ мэдээлэл эргэлзээтэй талаар зарим шинжээч хэлж байсан юм.

УМАРД СОЛОНГОС УРУУ ДҮРВЭСЭН ЭРЭГТЭЙ ВИРУСНИЙ ХАЛДВАРГҮЙ БАЙСАН ТАЛААР ӨМНӨД СОЛОНГОС МЭДЭЭЛЖЭЭ 

Өмнөд Солонгосоос  дүрвэн орж ирсэн  эрэгтэй "Ковид-19"-ийн анхны халдвар тээгч боллоо гэх мэдээлэл Умард Солонгот тархаад байгаа бол Сөүлийн зүгээс  няцаалт өгчээ. Өмнөд Солонгосын Батлан Хамгаалах яамнаас 24 настай эрэгтэй хилийн ойролцоох Канхвадо гэх арлаар дамжин Умард Солонгост хүрсэн гэж мэдээлжээ. Тус дүрвэгч Өмнөд Солонгосын хилээр гарахаас өмнө вирусний халдваргүй байсан гэдгийг мөн онцолж байна. Дүрвэгчтэй ойроос харилцаж байсан хоёр ч хүнээс шинжилгээ авахад, хариу нь сөрөг гарсан гэдгийг мэдээлсэн байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Умард Солонгост коронавирусний анхны сэжигтэй тохиолдол илэрсэн талаар мэдээлжээ  
Үзсэн: 1974 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй