Шууд Chart

Владимир Путин Оросын тэнгисийн цэргийн чадавхыг сайжруулахаа амлалаа

2020-07-28 09:56:38

Өнгөрөгч бямба гарагт ОХУ-ын хэд хэдэн хотын усан боомтод тэнгисийн цэргийнхний парад боллоо. Санкт-Петербург хотын усан боомтод болсон Оросын тэнгисийн хүчнийхний баярт ерөнхийлөгч Владимир Путин оролцож үг хэллээ. Тэрээр Оросын тэнгисийн цэргийн усан онгоцнуудыг дуунаас хурдан цөмийн пуужингаар тоноглоно гэдгийг онцоллоо. Оросын усан флотын чадавхыг сайжруулах хөтөлбөр, санал санаачлалыг тасралтгүй хэрэгжүүлнэ гэдгээ Путин амласан байна.

Санк-Петербург хотоос гадна Оросын алс дорнодын хэд хэдэн далайн эргийн хотын боомтод тэнгисийн цэргийн парад боллоо. Бямба гарагт болсон энэхүү усан флотын баярын парадад нийт 15000 тэнгисийн цэрэг оролцсоноос гадна 210 гаруй усан онгоц, 71 нисэх онгоцыг дайчилсан байна. Санкт-Петербург хотын усан боомтод болсон парад л гэхэд 4000 гаруй тэнгисийн цэрэг хамрагдаж, 46 гаруй усан онгоц цуваагаар явжээ. Мөн тэнгисийн цэргийн нисэх онгоцнууд ч агаарын үзүүлбэр сонирхуулсан байна. 

Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгч: Тэнгисийн цэргийн өдрийн баярын мэнд хүргэе. Оросын усан флотын хүч, чадавх тасралтгүй сайжирч байна. Энэ жил 40 гаруй өөр загварын усан онгоцыг ашиглалтад оруулна. Хэдхэн өдрийн өмнө Оросын тэргүүлэх гурван хөлөг онгоцны үйлдвэр Алс дорнодын далайн бүсэд ашиглах  6 усан онгоцыг үйлдвэрлэлтээс гаргаад байна. 

Энэ жил Оросын усан флот ийнхүү 40 ширхэг шинэ усан онгоцоор хүчээ зузаатгана гэдгийг ерөнхийлөгч Путин онцлон хэлсэн байна. Мөн тэрээр дуунаас хурдан пуужингаар Оросын усан флотын зэвсэглэлтийг өргөжүүлнэ гэж ярьсан талаар Японы Эн Эйч Ки дамжууллаа.

Владимир Путин ОХУ-ын ерөнхийлөгч: Дэлхийн өөр хаана ч байхгүй  дуунаас хурдан довтолгооны  систем болон усан  доорх пуужин зэрэг дэвшилтэд дижитал технологийг нэвтрүүлснээр Оросын усан флот гойд давуу байдлыг олж авна, мөн байлдааны чадавх нь сайжирна.  

2014 онд  Орос улс Украины газарт нутагт харьяалагдаж байсан Кремийн хойгийг өөртөө нэгтгэсэн юм.  Кремлийн энэ үйлдлийг барууны орнууд хүчтэй эсэргүүцэж,  ОХУ болон барууны зарим орны хооронд шинэ зөрчилдөөн үүссэн юм. Энэ үйл явдлаас хойш Кремл Батлан хамгаалахын салбарт шинэчлэлт явуулахад онцгой анхаарал хандуулж байгаа талаар Эн Эйч Ки дамжууллаа. Гэхдээ Оросын батлан хамгаалахын салбарын шинэчлэл нь санхүүгийн бэрхшээлтэй тулгарч байгаа гэсэн мэдээлэл ч давхар гарч байна.

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар утсаар холбогдож, зэвсгийн хяналтын талаар ярилцжээ. Орос, Америкийн байгуулсан цөмийн зэвсгийн тоо ширхгийг цөөлөх “Шинэ эхлэл” гэрээний хугацаа ирэх жил дуусна. Энэхүү гэрээг ОХУ сунгах хүсэлтэй байгаа бол АНУ-ын байр суурь одоогоор тодорхойгүй байна. Ер нь ОХУ зэвсэгжилтээр барууны орнууд, тэр дундаа АНУ-тай өрсөлдөхөөс зайлсхийж байгаа талаар зарим шинжээч ярьжээ. Энэ өрсөлдөөн нь Оросын эдийн засагт хүндээр тусч байгааг онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Владимир Путин Оросын тэнгисийн цэргийн чадавхыг сайжруулахаа амлалаа  
Үзсэн: 1691 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй