Америкийн дипломат албаныхан Хятадын Сычуань мужийн Чэндү хот дахь консулын газраа орхин яваад байгааг олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Бээжин АНУ-ыг Чэндү хот дахь консулын газраа 72 цагийн дотор хаахыг шаардсаны дараа ийм үйл явдал боллоо.

Өнгөрсөн долоо хоногт АНУ Техас муж дахь Хятадын консулын газрыг хаасны дараа Бээжин ийнхүү хариу арга хэмжээг авлаа. Чэндү хот дахь Америкийн консулын газрын хаягийг авснаас гадна Америкийн төрийн далбааг буулгасан байна. Ийнхүү Америкийн дипломат албаныхан барилгыг орхин явсны дараа Хятадын албаныхан тус газарт нэвтэрч, эзэмшилдээ аваад байгааг Хятадын Гадаад Хэргийн Яамнаас мэдээллээ.

Вашингтон Хятад улс АНУ дахь консулын газраараа дамжуулан нууц мэдээлэл цуглуулж, оюуны өмчид халдаж байна гэж буруутган Техас мужийн Хьюстон хот дахь Хятадын консулыг хаасны дараа Бээжин ийнхүү хариу арга хэмжээг авлаа. АНУ-ын хувьд Чэндү хот дахь консулын газар нь Хятадын баруун өмнөд бүс нутаг дахь нөхцөл байдлыг тандах, Төвтэй холбоотой мэдээллийг олж авах чухал төлөөлөгчийн газар байсан юм.

Үүнээс гадна Чэндү хотын үйлчилгээний болон аж үйлдвэрлэлийн салбар хурдацтай тэлж байгаа нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон машин механизмын эд ангиа нийлүүлэх таатай зах зээл гэж АНУ үзэж байжээ. Чэндү хот дахь Америкийн консулын газар 1985 онд байгуулагдаж, 35 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж ирсэн ч өнөөдрөөс ийнхүү үүд хаалга бариад байна.

| АНУ-ын дипломат албаныхан Чэндү хот дахь консулын газраа орхин явжээ | ||
| Үзсэн: 594 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.