Шууд Chart

Баянхонгорын найман багийн иргэнд гэрийн дулаалга халаалтын талаар танилцууллаа

2020-08-24 16:04:41

Монгол гэрийн дулаалга халаалтын багцад 2020 онд 430 өрхийг хамруулахаар болжээ. НҮБ-ын Хүүхдийн сан, ШУТИС, Тогтвортой санхүүжилтын холбоо, Баянхонгор сумын ЗДТГ, төслийн орон нутгийн зохицуулагчид хамтран Баянхонгор сумын найман багийн иргэнд Монгол гэрийн дулаалга халаалтын багц, хөнгөлөлттэй зээлийн танилцуулга уулзалтыг зохион байгууллаа.

Баянхонгор аймаг НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран аймгийн төвийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах нь” төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд хийгдэх ажлуудын нэг нь гэр хорооллын айл өрхүүдийг эрчим хүчний хэмнэлттэй Монгол гэрийн дулаалга, халаалтын багц бүтээгдэхүүнээр хангах явдал юм. 2019 онд 260 өрхийг гэрийн дулаалга, халаалтын багцад хамруулсан бол 2020 онд 430 өрхийг хамруулахаар зорьж, үнийн дүнгийн 40 хувийг аймгийн орон нутгийн төсөв болон НҮБ-ын Хүүхдийн сангаас хөнгөлж, үлдсэн 60 хувийг тухайн өрх хөнгөлөлттэй зээлд хамрагдан авах боломжтой. 

Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг хаан, Хас банкны ногоон зээлээр санхүүжүүлэх мэдээллүүдийг хүргэснээс гадна, Говь-Алтай аймгийн үйлдвэрлэгчдэд төслийг танилцуулах, туршлага судлах уулзалтууд зохион байгуулагдлаа.

Гэрийн дулаалга, халаалтын багцад хамрагдсан айл өрхүүдэд нүүрсний утаа, үнс, хог хаягдал гарахгүй, амьдрах орчин тохь тухтай, цэвэр цэмцгэр болохоос гадна хүүхдүүд ханиад томуугаар өвдөөгүй байна. Тус багцад 700 өрхийг хамруулснаар аймгийн төвийн агаарын бохирдлыг зургаан хувиар бууруулах боломжтой болох юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Баянхонгорын найман багийн иргэнд гэрийн дулаалга халаалтын талаар танилцууллаа   
Үзсэн: 1851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй