Манай улсад төдийгүй дэлхийн олон оронд цар тахлын үед бүх шатны боловсролын байгууллагуудын танхимын сургалтыг эхлүүлэх эсэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөж байна гэхэд болно. Дэлхийн улс орнуудын тухайд халдварын нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээндээ суурилсан харилцан адилгүй арга хэмжээнүүдийг авч байна. Гэхдээ Европын ихэнх орны засгийн газраас танхимын сургалтыг эхлүүлэхээр шийдвэрлэж халдвараас сэргийлэх, аюулгүй эрүүл орчинг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
Жишээ нь Испанид 6-аас дээш настнуудад танхимын сургалтад хамрагдахдаа заавал амны хаалт зүүхийг үүрэг болгоод байна. Испанийн төв засгийн газар бүс нутгуудын эрх баригчидтай зөвшилцсөний эцэст ийм нэгдсэн шийдвэрийг гаргаад байна. Энэ дагуу сургуулийн орчинг болон сурагчдын гарыг байнга ариутгах, хүн хоорондын зай барих, хичээлээс гадуур бусад арга хэмжээг цуцлах зөвлөмжүүдийг сургууль дээр мөрдөх бүхий л бэлтгэлийг хангаж байна. Францад Ковид-19-ийн халдвар хүн амынх нь дунд ихээр тархаж өдөрт 6 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байгаа ч хичээлийн шинэ жилийг тогтсон хугацаанд нь эхлүүлэхээр шийдвэрлэсэн.
Мөн л 11-18 настнуудыг заавал амны хаалттай хичээлд оролцуулахыг үүрэг болгосон байна. Харин Германд ихэнх сургуулийн хичээл эхэлсэн ч Берлиний 820 гаруй сургуулиас 41-д нь шинэ коронавирусний халдварын тохиолдол гараад байна. Мөн улс даяар нийтдээ мянга гаруй сурагчийг хөл хорионд оруулаад байна.
Өмнөд Солонгост халдварын тохиолдол эрс ихэсч байгаа учир Сөүл болон дагуул хотуудад нь сургууль цэцэрлэгийг хаахаар шийдвэрлэсэн. Энэ дагуу ирэх 9 сарын 11 хүртэл ерөнхий боловсролын сургуулиудыг цахим сургалтад шилжүүлсэн. Гэхдээ энэ 12 р сард их дээд сургуульд элсэх шалгалт өгөх төгсөх ангийнхны хичээлийг л танхимаар зааж байна. Газын зурваст өдөрт халдвар авсан хүний тоо эрс нэмэгдсээр байгаа учир хөл хориог дахин 3 өдрөөр сунгахаар шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд сургууль цэцэрлэгүүд болон сүм хийд, компаниудын үйл ажиллагааг хаагаад байна.
| Европын ихэнх улс орон танхимын сургалтаа эхлүүлж байна | ||
| Үзсэн: 954 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.