Шууд Chart

Германд хөл хориог эсэргүүцсэн хөдөлгөөний үеэр 300 хүн баривчлагджээ

2020-08-31 11:35:44

Герман улсын нийслэл Берлин хотод “ковид- 19”-ийн тархалттай холбоотой хөл хорио, бусад албадлагын арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал боллоо. Иргэд нийтийн тээврээр зорчихдоо амны хаалт зүүх ёстой гэсэн шаардлагыг ч жагсагчид эсэргүүцэж байгаа юм. Тайван замаар эхэлсэн жагсаалын үеэр үймэн самуун дэгдэж, 300 хүн баривчлагдсан байна. 

Ням гарагт Берлин хотын төвд болсон жагсаалд 30 мянга гаруй хүн оролцсон байна. Зарим жагсагч амны хаалт зүүх албадлагыг эсэргүүцсэн уриа лоозонг барьсан байжээ. Тухайлбал, нэгэн жагсагч амны хаалт зүүхгүйгээр цэвэр агаар амьсгалахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Германы ихэнх мужид амны хаалт зүүхгүй байгаа иргэдийг багадаа 50 еврогоор торгох хууль мөрдөгдөж байна. Цагдаа нар цар тахлын үеэр олон зуугаараа цуглахыг зөвшөөрөхгүй байгаа гэдгийг жагсагчдад сануулж,  тэднийг тараах гэж оролдсон байна. Харин эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчдын зарим нь цагдаа нар руу чулуу, шил шидэж, эмх  замбараагүй байдал үүсгэжээ. Германд иргэд зуны амралтаараа аялал зугаалгад явах нь ихсэж, үүнийг дагаад шинэ коронавирусний халдварын тохиолдол ч нэмэгдэж байна. 

Сүүлийн өдрүүдэд Германд нэг хоногийн дотор илэрч буй “ковид-19”-ийн халдварын тохиолдлын тоо 1000-г давах болжээ. Тус улсын канцлер Ангела Меркель цар тахлын дэгдэлтэд тун ноцтойгоор хандахыг иргэддээ уриалсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Германд хөл хориог эсэргүүцсэн хөдөлгөөний үеэр 300 хүн баривчлагджээ  
Үзсэн: 1154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй