Шууд Chart

Балтийн орнууд Беларусийн албаныхны эсрэг хориг арга хэмжээ авчээ

2020-09-02 11:00:10

Латви, Литва, Эстони  улсууд Беларусийн өндөр  алба хашдаг 30 хүн, түүний дотор Ерөнхийлөгч Александр Лукащенкогийн  эсрэг хориг арга хэмжээ аваад  байна. Хориг  арга хэмжээний  хүрээнд Балтийн 3 улс  эдгээр хүмүүсийг улсын хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.  Жагсаалтад Беларусийн Ерөнхийлөгчөөс гадна  хууль зүй, дотоодын хэргийн сайд,  Ерөнхий  прокурор, Ерөнхийлөгчийн тамгын газар болон Сонгуулийн төв  хороо,  тагнуул хүчний байгууллагуудын  удирдагчдын нэр  багтсан байгаа аж.

Энэ хооронд сөрөг хүчнийхэн өнөөдрийг  эв нэгдлийн өдөр  хэмээн  зарлаж  түүхэнд  байгаагүй  өргөн  хүрээтэй жагсаал цуглаан,  ажил  хаялтад  оролцохыг иргэдэд  хандаж уриалсан байна. харин Беларусийн  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлж чадалгүй өрсөлдөөнөөс хасагдсан Белгазпромбанкны тэргүүн асан Виктор  Бабарико болон түүний  сонгуулийн штабын  дарга Мария  Колесникова нар "Хамтдаа"  нэртэй  шинэ нам  байгуулж байгаагаа  зарлаад  байна.

Виктор Бабарико зохион байгуулалтын хэлбэрт оруулж, дэмжигчдээ  нэгтгэн тэмцлээ үргэлжлүүлэх цаг болсныг олон нийтийн сүлжээгээр дамжуулан  хийсэн мэдэгдэлдээ онцолсон.  Харин Беларусийн сөрөг хүчний зөвлөлдөх зөвлөл хэдийгээр шинэ нам байгуулагдсан хэдий ч үйл  ажиллагааныхаа  форматыг  өөрчлөхгүй  хэмээн мэдэгджээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн будлианаас болж  ялалтаа булаалгасанд тооцогдож байгаа Светлана Тихоновская  энэ сарын эхээр  НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын  хуралдаанд  цахимаар оролцохоор   төлөвлөж байгаа тухай мэдээлэл ирж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Балтийн орнууд Беларусийн албаныхны эсрэг хориг арга хэмжээ авчээ  
Үзсэн: 659 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй