Та бүхэнд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн асуудлуудыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын нэгдсэн чуулганаар өнгөрсөн долоо хоногт нийт 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч долоог нь хэлэлцсэн байна. Тодруулбал:
УИХ-ын чуулганаар хэлэлцэгдсэн асуудлуудаас хамгийн их анхаарал татаж буй нь Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл юм.
Уг тогтоолын төслийг дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг өргөн барьсан. Хууль санаачлагчийн танилцуулснаар он гарсаар валютын ханш буурахгүй байгаа нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа аж. Тиймээс тус тогтоолын төсөлд манай улсын эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилго бүхий 23 арга хэмжээг тусгасан бөгөөд УИХ-ын хаврын чуулганы хугацаанд яаралтай батлуулан хэрэгжүүлэхээр эхлүүлсэн нь энэ ажээ.
Өнгөрсөн пүрэв гарагт хуралдсан чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч амжилгүй баасан гарагт хуралдсан чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцсэн.
Нэг талаасаа уг асуудал нь манай улсын эдийн засгийн байдал, олон салбар асуудлыг хамарсан учир хэлэлцэх суудлын хүрээ ихтэй байсан. Харин нөгөө талаасаа манай улсын эдийн засаг хямарсан эсэх дээр эрх баригч болоод сөрөг хүчнийхэн санал нэгдэхгүй байсан учир Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл дээр санал хэлж асуулт асуух гишүүн их олон байсан юм. Хоёр өдөр хэлэлцсэний дүнд уг тогтоолын төслийг хэлэлцэхээр болж дүрмийн дагуу Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Уг Эдийн засгийг эрчимжүүлэх тогоолын төсөл батлагдсанаар ирэх намраас өмнө манай орны эдийн засаг сайжрах тодорхой алхмуудыг хийх байх гэж судлаачид дүгнэж байгаа юм.
Үүнээс гадна гишүүдийн анхаарлыг татаж, олон санал шүүмжлэл гаргасан нэг хуулийн төсөл бол УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өргөн барьсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм. О.Баасанхүү гишүүн тус хуульд “Албан байгууллагууд тамхи татахад зориулагдсан агааржуулалтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон тусгаарласан өрөөтэй байх, “байрны орц, гарцаас ердийн алхаагаар хэмжиж болохуйц 500 алхмын зайд тамхи татах” зэрэг өөрчлөлтүүдийг оруулахыг хүссэн юм.
Гишүүдийн дунд уг нэмэлт өөрчлөлттэй холбоотой эсрэг саналууд нэлээдгүй гарсан. Тухайлбал, гишүүд Тамхины хяналтын тухай хууль хамгийн сайн хэрэгжиж байгаа хууль учраас хэдийгээр олон улсын жишигт ийм зүйл байдаг ч гэсэн хуулийг ухраасан зүйл болно гэсэн санал хэлцгээсэн юм. Түүнчлэн гишүүд ердийн алхаагаар хэмжиж болохуйц 500 алхмын зай гэдэг дээр зөрүүтэй саналтай байсан юм. Эсрэг саналтай гишүүд олон байсан учраас уг хуулийн төсөл дэмжигдэлгүй унасан.
Өнгөрсөн долоо хоногт мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар батласан. Уг хуулийн төсөл батлагдсанаар Хадгаламж зээлийн хоршоодын хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр барагдуулах нөхцөл бүрдэж байгаа юм.
Түүнчлэн нийслэлийн зүүн хэсгийн айл өрхүүдийг дулааны хэрэгцээг хангах “Амгалан” дулааны цахилгаан станцын барилгын ажлыг гүйцэтгэгчийн импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлүүлэхээр хуулийн төсөл мөн дэмжигдсэн.
Олон улсын Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг өнгөрөгч 2012 онд батласан бөгөөд манай улс 2013 оны 11 дүгээр сард уг протоколд элссэн байна. Уг протокол нь тамхин бүтээгдэхүүний хууль бус нийлүүлэлтийн сүлжээг хянах, энэ чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд түүнд оролцогч улсууд ийм худалдааг багасгах, цаашдаа бүрэн устгах хяналтын системийг бүрдүүлэх үүрэг хүлээдэг аж. Тиймээс манай улс уг хүлээсэн үүргийнхээ дагуу Эрүүл мэндийн сайд Н.Удвалын өргөн барьсан Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар батласан юм.
Үүнээс гадна Х.Тэмүүжин сайдыг огцруулах эсэх асуудал өнгөрсөн долоо хоногт улс төрийн томоохон шуугиануудын нэг байлаа. Сайдын асуудлаар пүрэв гарагт Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж гишүүдийн олонхийн саналаар түүнийг огцруулах шийдвэр гаргасан. Тодруулбал Хууль зүйн байнгын хороо 19 гишүүнтэй бөгөөд АН-аас Ж.Батзандан, С.Баярцогт Ш.Түвдэндорж, З.Энхболд, Х.Тэмүүжин, Р.Гончигдорж, Д.Ганбат, Р.Бурмаа, Л.Болд, нарын есөн гишүүн, МАН-аас Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Б.Чойжилсүрэн, Ө.Энхтүвшин, Д.Оюунхорол, нарын таван гишүүн байдаг бол “Шударга ёс эвсэл”-ээс О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Д.Батцогт Ц.Оюунбаатар, Л.Цог нарын мөн таван гишүүн байдаг. Сайдын асуудлыг хэлэлцсэн хуралдаанд 15 гишүүн оролцож түүнээс 12 гишүүн нь огцруулахад санал өгчээ. Тухайлбал, Р.Гончигдорж, С.Баярцогт болон Х.Тэмүүжин нараас бусад АН-ын гишүүд түүнийг огцруулахыг хүссэн юм.
Энэхүү байнгын хорооны хуралдааны шийдвэрийг баасан гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН-ын гишүүд ирээгүйн улмаас хойшлогдсон. Ирэх долоо хоногт хэлэлцэгдэх уг асуудалд Х.Тэмүүжин сайд МАН-ын бүлэгтэй тохиролцоонд хүрсэн байж магадгүй талаар яриа мөн гараад байгаа юм.
Үүнээс гадна өнгөрсөн долоо хоногт чуулганаар буцаасан гишүүдийн “давхар дээлний” асуудлаар Хууль зүйн байнгын хороо хуралдах байсан ч мөн л АН-ын гишүүд хуралдаандаа ирээгүйн улмаас хойшлуулсан. Энэ асуудал хэрхэн эргэх нь ирэх долоо хоногт тодорхой болох юм.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.