![](/uploads/201410/news/thumb/54f6807c79dffaa7ca94bc7aedc5d064_x3.jpg)
Дэлхийн өндөр хөгжилтэй 30 гаруй улс цахим шалган нэвтрүүлэх системээр зорчигчдыг хилийн дээс алхуулдаг байна. Тэгвэл манай улс ирэх оноос эхлэн иргэдийг цахим шалганаар нэвтрүүлэн гаргах шинэ системтэй болж байгаа юм. Энэ системийг Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газраас зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх “Э-Иммигрэйшн” төслийнхөө хүрээнд оруулж иржээ. Харин технологи нийлүүлэгч компани нь Солонгосын “SysOne” компани болон төсөлд буцалтгүй тусламж үзүүлж байгаа KOICA олон улсын хамтын ажиллагааны байгууллага юм.
Энэ ажил Засгийн газрын “Цахим засаг” үндэсний хөтөлбөр, “Түгжрэлгүй төрийн үйлчилгээ” зэрэг хэд хэдэн хөтөлбөрүүдийн хүрээнд хийгдэж байгаа юм. Өнөөдөр 12:30 цагт цахим гарцын нээлтийн үйл ажиллагаа “Чингис хаан” олон улсын нисэх буудлын “Явагчдын танхим”-д суурилуулагдсан цахим гарцын дэргэд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, захиалагч талын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Арга хэмжээг нээж ИХШХЕГ-ын дарга Б.Пүрэвдорж үг хэллээ. Тэрээр “Цахим гарцын системийг суурилуулах шаардлага байлаа. Тэр нь өнөөгийн байдлаар дэлхийн хөгжилтэй улс орнууд энэ системийг нэвтрүүлж үйлчилгээний хурд, чанараа дээшлүүлдэгт оршино. Бидний суурилуулсан цахим гарц хурууны хээний давтагдашгүй чанарт үндэслэн мэдээллийг боловсруулдаг. Ингэснээр нэг талаас төрийн ухаалаг, шуурхай, түгжрэлгүй үйлчилгээг иргэн авч байна. Нөгөөтэйгүүр шалган нэтрүүлэгчдийн ажлыг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх ач холбогдолтой систем юм. Энэ үйлчилгээг Солонгосын олон улсын хамтын ажиллагааны КОИКА байгууллагын санхүүжилтээр 900 гаруй сая төгрөгийн хүрээнд шийдвэрлэлээ” хэмээн ярилаа.
Түүний дараагаар Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, цахим гарцын баталгаа, аюулгүй байдлын талаар үг хэлсэн бол, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “KOICA” байгууллага, төслийн гүйцэтгэгч “Sysone” компани болон албаны бусад төлөөлөл ИХШХЕГ-аас захиалсан “Э-Иммигрэйшн” төсөл, Цахим гарц буюу автомат шалган нэвтрүүлэх төхөөрөмжийн талаар үг хэлсэн юм.
Нээлтийн ёслолын үеэр анхны зорчигчийг хил нэвтрүүлэв. Иргэд цахим гарцаар гадагш гарахдаа хурууны хээгээ өгөх төхөөрөмжид уншуулах ба систем мэдээллийг 15 сек хүртэлх хугацаанд уншин дараагийн хаалга нээгдэх журмаар ажиллах гэнэ. “Э-Иммигрэйшн” төслийн хүрээнд цахим гарцын системийг ганц “Чингис хаан” олон улсын нисэх буудал бус бусад томоохон боомтуудад байршуулаад эхэлжээ. “Гашуун сухайт”-аар жолооч нар машинаасаа бууж бичиг баримтаа шалгуулахгүйгээр хурууны хээгээр нэвтрээд эхэлсэн байна.
“Энэхүү цахим гарц ашиглалтад орсноор хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчийн бүртгэл хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, шалган нэвтрүүлэх ажиллагааг хялбарчлах замаар иргэдэд төрийн үйлчилгээг илүү шуурхай хүргэх боломж бүрдэж байна” хэмээн ИХШХЕГ-ын удирдлагууд хэлсэн юм.
Уг гарцын програмчлалын тухайд “Цахим гарц”-аар Монгол Улсад орох, гарах эрхийн хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэнийг биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээ, нүүрний зургийг тоон мэдээллийг ашиглан улсын хил нэвтрүүлэх юм байна.
Зорчигч өөрийн хурууны хээ, цээж зураг, гадаад паспорт, иргэний үнэмлэх эсвэл гадаадын иргэн түр оршин суух үнэмлэхийнхээ мэдээллийг урьдчилан бүртгүүлж уг гарцаар үйлчлүүлэх эрхтэй болно.
Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал дахь Буянт-Ухаа боомтын гарах, орох чиглэлд тус бүр хоёр цахим гарцын төхөөрөмжийг суурилуулжээ.
Мөн энэ системийн давуу тал нь хурууны хээний харьцуулалт дээр суурилах бөгөөд хурууны хээний давтагдашгүй шинж чанарыг тусгай программын тусламжтайгаар тоон өгөгдөхүүнд шилжүүлдэг онцлогтой. Хурууны хээний тоон хэлбэрт шилжсэн мэдээллийг өөр зориулалтаар ашиглах боломжгүй бөгөөд мэдээллийн санд тухайн зорчигчийн хурууны хээний зурган мэдээлэл хадгалагдахгүйгээр тоон өгөгдлөөр хүрээг нь аюулгүй байдал тал дээр бүрэн хариуцлагатайг эх сурвалжууд хэлсэн юм.
“SysOne” компанийн тухайд дотоодынхоо гурван ч нисэх онгоцны буудлыг уг системээрээ хангажээ. Харин гаднын улсад суурилуулсан анхны тохиолдол нь манай улс юм байна.
Төсөл нэг сарын нэгнээс дуусгавар болсноор “Цахим гарц” өдөр тутмын горимоороо ажиллах аж. Одоогоор программ хязгаарлагдмал горимоор ажиллаж байгаа гэнэ.
Хилээр нэвтрэх "Цахим гарц"-ын нээлт боллоо | ||
Үзсэн: 2271 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.