![](/uploads/201410/news/thumb/2e312692482db30b35e81540f8a17e73_x3.jpg)
Бөхийн барилдаан “допин”-гоор эцэслэдэг жишиг байж болох уу
“Нанчилдаангүй найрыг найр гэдэггүй” гэж “зөвтгөдөг” шиг сүүлийн үед үндэсний бөхийн барилдааныг допинг хэрэглэсэн гэх хар мэдээ дагадаг болжээ. Монголчууд улсын наадмынхаа дараа цолонд хүрсэн бөхчүүдийн шинжилгээний сорьцыг Солонгос улсын Шинжлэх ухаан технологийн хүрээлэнгийн сэргээшийн төв лавораторит хүргэдэг болоод нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Энэ жилийн тухайд ч шинээр цол авсан болон цолоо ахиулсан найман бөхийн шинжилгээг Солонгос улс руу илгээгээд хариу нь ирээд байгаа юм. Тулгар төрийнхөө наадмаар хаанахын, хэн гэх бөх цол, чимэг зүүснийг ард түмэн минь мэдэж байгаа тул энд нуршихыг хүссэнгүй. Энэ жил лавтай хоёр бөх сэргээш хэрэглэсэн нь тодорхой гэсэн хариу иржээ. Гэхдээ ард олноо хуурсан тэр бөхийн нэрсийг Монголын Үндэсний бөхийн холбоо, Монголын Үндэсний Олимпийн хорооны аль аль нь зарлахыг хүсэхгүй байгаа юм. Уг нь гадны жишгээр сэргээшийн асуудал дээр шударгуу хандаад өгмөөр санж. Ингэж гэмээнэ үндэсний спорт хөгжинө, бөхчүүдийн унаад байгаа нэр хүнд өсөх магадлалтай. Өөрөөр хэлбэл, сэргээш тойрсон бүх “но” манайхнаас л шалтгаалж байна. Гадаадад явуулсан шинжилгээний хариу ирчихээд байхад бөхчүүдийн нэрийг зарлахгүй байгаа нь сэргээш хэрэглэсэн бөхчүүдийг өөгшүүлж байгаагаас өөрцгүй юм.
Бөхчүүдийн нэрийг нууцлахын цаад учир
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхөд хуулийн хариуцлага хүлээлгэж байгаа эсэх, барилдах эрхийг нь хэрхэн түдгэлзүүлж байгаа нь олон нийтэд ил тод байж чадахгүйгээс энэ асуудал улам л ужгирсаар байна. Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчдээс яагаад бөхчүүдийн нэрийг зарлахгүй байгааг тодруултал, “Допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй. Шууд зарлахгүй байх хуулийн зүйл заалттай” гэж байна. Тэд ийм ерөнхий бөгөөд тодорхойгүй хариултыг сэтгүүлчдэд өгөөд удлаа. Үүний цаана ашиг сонирхлын ямар нэг зөрчил байж ч магад гэсэн хардалтыг төрүүлээд байгааг нуух юун. Үнэндээ “Тэр бөхийн нэр хэний хэн бэ” гэдгийг мэдэх хүсэл бөх сонирхогч, бөхчүүдэд ч байсаар байна. Нэрийг нь зарлахгүй байхын бас нэг сэжүүр нь “жалга, дов” гээчийн үзэл байж болох. Тэр дэвжээний бөх гэж хэлэгдэх, бичигдэх учраас нутгийнхаа нэрийг хамгаалан нэр мэдэх эрхийг хүмүүст олгохгүй байх балчирхан бодолд автаж явахыг хэн үгүйсгэх билээ.
Гаднынхан биднийг бодвол энэ тал дээр шударга юм. Их спортыг хүндэтгэдэг хүмүүс өөр гэдгийг одоо дурдах жишээнээс харж болохоор байна. Хэдхэн хоногийн өмнө усанд сэлэлтийн төрлөөр олимпоос 18 алтан медаль хүрсэн АНУ-ын алдарт Майкл Филпс гэх тамирчин “согтуугаар жолоо барьсан”, “хурд хэвтрүүлсэн” гэх хэв журам, сахилга батын зөрчил гаргасны улмаас тэмцээн уралдаанд орох эрхээ нэг жилээр хасуулав. Алдаа гаргаснаа тамирчин хүлээн зөвшөөрөөд зогсохгүй өөрийн амжилтад нөлөөлөх дэлхийн аваргын эрх авах тэмцээнээсээ ч татгалзаж байна.
Мэргэжлийн холбоо нь ч “Түүнийг хүмүүжиж, засарна гэдэгт итгэж байна. Тэгж чадвал тэмцээнд орох эрхийг нь хугацааны сүүлээр олгоно” гэж мэдэгдсэн. Тэдэнд хуулийн санкц үүрүүлэх зүйл заалт нь тодорхой, мэргэжлийн холбооных нь ёсзүйн код ч ойлгомжтой байна. Харин манайд бол “Үндэсний их баяр наадмын тухай хууль” гэсэн нэгэн багц дотор сэргээштэй холбоотой хариуцлагын зүйл заалт оргүй шахуу байна. Өөрөөр сэргээштэй холбогдох хууль байна уу гээд сураглахад монгол бөх тэр тусмаа үндэсний спортоос тэс хөндий хар тамхи, мансууруулах бодисын тухай зүйл заалтыг л очиж мөргөж байгаа юм даа. Сэргээшийн зүйл заалт дурдагдсан ганц хууль бий. “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д допингийн шийтгэлтэй холбоотой ийм хэдэн заалт байна. Өөрөөр үндсэн хуулийн хаана ч байхгүй ээ.
Мөн шинжилгээ өгөхөөс татгалзсан бөхийг сэргээш хэрэглэсэн гэж үзэн шийтгэл ногдуулна гэсэн байгаа. Дээрх хуулийн улаанаар тэмдэглэсэн хэсгүүдийг ярихгүй байж болохгүй нь. Хэрэв та эндээс нэг үг олж харсан бол “14.1. Энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлийн аль нэгийг ногдуулна:” гэжээ. Шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэдэг шийтгүүлэгч нэг бол барилдах эрхээ хасуулах, үгүй бол цол, чимгээ хураалгах гэсэн утгаар оржээ. Гэвч зарим улсад допингтой холбоотой хуулийн зүйл заалтуудад шийтгэлийг дан биш давхарлаж зүйлчилсэн байдаг юм билээ.
14.3. Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна.” гэж зүйлчилжээ. Энэ зүйлээр шийтгүүлбэл нөгөө л дан зүйл заалтын зарчмаар дараа жилийн наадамд ёс зүйгүй бөхөд дэвэх боломжийг өгч байна.
Мөн “баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах” гэдгийг хүртэл гэсэн нь хэт ерөнхий бөгөөд яг тэр бөхийн барилдах эрхийг хоёр жилийн турш түдгэлзүүлнэ гэсэн утга алга. Энэ зүйлээр шийтгүүлэгч зөвхөн наадмаар л барилдах эрхгүй. Мөн хоёр жил хүртэлх хугацаагаар наадамд барилдах эрхийг нь хасна гэсэн байгаа нь түүнээс бага буюу ирэх жилийн наадамдаа өнжөөд түүний дараа жил барилдах боломж гарч ирж байна. Баяр наадмын тухай хуулийн асар сул тал нь допинг илэрсэн бөх зөвхөн наадмаар л барилдах эрхгүй болохоос биш жирийн нэрэмжит барилдаануудад зодоглоход төвөггүй гэж ойлгогдож байна. Тэгэхээр бөхчүүд баяр наадмаас бусад барилдаанд барилдах эрхтэй хэвээрээ л байна.
Жилдээ ганцхан удаа сэргээшийн шинжилгээг таваас дээш давсан бөхчүүдээс л авч байна. Энэ тал дээр бөх судлаач, сонирхогчид “Улирал тутам шинжлээд хэрэв илэрвэл тухайн улирлын “нэрэмжит” барилдаануудад ч барилдах эрхийг нь хасдаг байя. Олон улсад бол сэргээш илэрсэн тамирчныг хэдэн жилийн дараа болох эрх авах тэмцээнд ч оруулахгүй байна” гэж саналаа дэвшүүлсээр иржээ.
Хүч нэмэгдүүлэх бэлдмэлээр өөрийгөө бордчихоод хүч нь суларсан нэгнийгээ өвдөг шороодуулж орхиод бай шагналыг нь хүртэнэ гэдэг бөх гэхээсээ илүү ашиг хонжооны төлөө шунасан нэгнээс цаашгүй болно. Сэргээш гээчийг зогсоох тасхийсэн арга хэмжээ болчих жолоо, цулбуур гэж тоймтой зүйлгүй, ганц байгаа Баяр наадмын хуулиар допингийн асуудлыг дэврээнэ үү гэхээс хазаарлах нь юу л бол.
Энэ мэт хагархайтай, хийдэлтэй допингийн хуулиар асуудал шийдэгдэж, бөхчүүд хуулийн шийдвэр хүлээхээсээ илүү “Миний нэрийг зарлачихвал би нүүр хийх газаргүй болно” гэсэн аминчхан бодлоор өөрийгөө тайвшруулж байна.
Сэргээш хэрэглэсэн тамирчныг хоёр биш дөрвөн жилээр тэмцээнд орох эрхийг нь хасна
Эргээд л дэлхий хийгээд олон улсын жишгийг сануулахыг хүслээ. Олон улсын допингийн эсрэг төв ирэх оноос эхлэн допингийн төрөлд багтсан хориотой эм бэлдмэл хэрэглэсэн тамирчдын тэмцээн уралдаанд оролцох эрхийг хоёр биш дөрвөн жилээр хасах шийдвэрийг өнгөрсөн онд гаргасан билээ. Үүнийг үндэсний бөхийнхөн эрх биш сонсоо байлгүй. Дэлхий нийт допингийн эсрэг тэмцлээ улам хурцалж, шийтгэлийн хугацааг нэг дахин нэмэгдүүлээд байна. Энэ нь ч Д.Данзан даргын ярьсан дэлхий даяар шударга өрсөлдөөн, тамирчдын эрүүл мэндийг чухалчлах болсныг илтгэж байгаа хэрэг.
Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөхийн асуудал одоо ч шийдэгдээгүй хэвээр байна. Асуудлын зангилаа нь тэр хоёр бөх ч биш. Монголын үндэсний олимпийн хороо, Үндэсний бөхийн холбоо гэдэг хоёр байгууллага “Чи зарла, би зарла” гэж өөр хоорондоо “шидэлцэж” буйд л хамаг учир байна. Дахиад хэдэн өдөр, сар, жилийг тэд ингэж өнгөрөөх нь өнөөдөр тодорхойгүй байгаа юм. Ийм байдлаар удвал допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүд гэмээ ухаарах нь битгий хэл улам эрэмших нь дамжиггүй. Хориотой үйлдэл хийсэн ч түүнийг нь хаацайлах хоёр ч байгууллага нь ард нь байхад юунаас эмээнэ гэж.
Ер нь манай бөхийн салбар допинг гээчтэй нэр холбогдоод даруй 42 жилийнхээ ойтойгоо золгож байгаа юм билээ. Анх 1972 онд Германд болсон олимпийн чөлөөтийн татамиас Б.Буядаа хэмээх тамирчин мөнгөн медаль хүртсэн ч сэргээшийн нэмэх үзүүлэлт гарснаар медалиа хураалгасан түүхтэй. Түүний дараагаар энэ асуудал мартагдсан ч 2000 он гарсаар идэвхижсэн байна.
Чөлөөт бөхийн тамирчдаас допинг илэрснээр нэг хэсэг олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болж байсан бол Үндэсний бөхийн допингийн асуудлыг “жижиг” аварга эхлүүлсэн гэж хэлэхэд болно. Түүний дээжээс “недеролин” хэмээгч илэрснийг одоо буй бөхийн холбооны тэргүүнүүд зарлан тунхаглаж байсан юм. Үүнээс хойш сэргээшийн хэрэгт нэр бүхий хорь орчим бөх /үндэсний/ холбогдсон байдаг. Харин энэ жил аймгийн хурц арслан С.Батчулуун, Б.Суманчулуун, Б.Бадамсүрэн, Н.Адъяабат, Л.Лха-Очир нар улсын начин цолны босго алхсан билээ. Харин улсын начин Б.Пүрэвсайхан улсын харцага, улсын начин Б.Жаргалсайхан улсын гарьд цолонд хүрч, түрүү бөх Н.Батсуурь улсын арслан цол хүртсэн. Эдгээр найман бөхийн хоёроос нь сэргээшийн төрлийн бэлдмэлийн “нэмэх” хариу гараад байгаа. Чухам хэн болох нь өнөө ч таавар хэвээр байна. Гэхдээ энэ “оньсого”-ыг таахгүй байх нь Монголын үндэсний бөхийн хөгжилд сайнаар биш саараар нөлөөлөх нь дамжиггүй юм.
“Допинг”-ийн салхи жиндүүлж байна | ||
Үзсэн: 3926 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.