![](/uploads/201604/news/thumb/e549e76ed08db635f09451eb10a5879d_x3.jpg)
Дэлхийн банкнаас Зүүн хойд Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн нөхцөл байдлын тухай тайлан гаргасан байна. Бүс нутгийн эдийн засгийн өсөлт 2015 онд 6.5 хувь байсан бол энэ онд 6.3 хувь болж бага зэрэг саарчээ. Ирэх хоёр жилийн хугацаанд ч эдийн засгийн өсөлт буурах хандлагатай байгаа тухай өнөөдөр АНУ-ын Вашингтон хотод болсон хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа.
Өндөр орлоготой орнуудын эдийн засаг төсөөлснөөс удаанаар сэргэж байгаа нь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын гадаад эргэлтийг сулруулж, эдийн засгийн идэвхижлийг бууруулж болзошгүй байгааг тэд мэдээлж байна. Эдийн засгийн өсөлт ингэж саарах болсон гол шалтгаан нь түүхий эд экспортлогч орнуудын гадаад эргэлт суларсантай холбоотой гэж Дэлхийн банкныхан тайлбарлаж байна. Энэ талаар Дэлхийн банкны Зүүн Ази Номхон далайн бүс нутаг хариуцсан Ерөнхий эдийн засагч Судир Шетти “Бүгд найрамдах ардчилсан Лаус улс, Монгол, Папуа, Шинэ Гвиней зэрэг харьцангуй жижиг эдийн засагтай хэд хэдэн улс түүхий эдийн үнийн уналт болон гадаад эрэлтийн сааралтад өртсөн хэвээр байна. Мөн Номхон далайн арлын орнуудын хувьд өсөлт доогуур түвшинд хэвээр хадгалагдахаар байгаа юм. Тиймээс эдгээр орнууд дотоодын орлого нэмэгдүүлж, хүртээмжтэй өсөлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй гэж зөвлөж байна” гэлээ.
Хятадын эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас харьцангуй удаан байгаа нь бүс нутгийн эдийн засгийн өсөлт саарахад мөн голлох нөлөө үзүүлж байна. 2015 онд Хятадын эдийн засаг 6.9 хувь байснаа 2016 онд 6.7 хувь, 2017 онд 6.5 хувь болж саарах урьдчилсан төлөв гарчээ. Хэрвээ Хятад улсыг хасч тооцвол уг бүс нутгийн хөгжиж буй эдийн засагтай орнууд 2015 онд 4.7 хувийн өсөлттэй байсан бол Зүүн Өмнөд Азийн томоохон орнуудын эдийн засгийн идэвхижилтэй холбоотойгоор өсөлтийн хурд ялимгүй нэмэгдэж 2016 онд 4.8 хувь, 2017-2018 онд 4.9 хувьд хүрнэ гэж урьдчилан тооцоолоод байна. Үүнд өмнөд Азийн томоохон орнуудаас Филлипин болон Вьетнамын эдийн засгийн өсөлт нь хамгийн өндөр буюу энэ онд аль, аль нь 6-гаас дээш хувийн өсөлттэй байх төлөв гарчээ. Дэлхийн банкны энэ удаагийн тайланд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудыг хамруулсан. Зөвхөн хөгжиж буй орнуудын эдийн засгийн нөхцөл байдлын тухай судалгаа явуулсан тул үүнд Сингапур, Энэтхэг зэрэг өндөр орлоготой улс орнууд багтаагүй юм байна.
Экспортоос хамааралтай улс орнуудын эдийн засгийн өсөлт сааралттай байна | ||
Үзсэн: 537 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.